Аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай зөвлөлдөх уулзалт хийв
2022.02.25
Барилга, Хот байгуулалт

Аймгуудын газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай зөвлөлдөх уулзалт хийв

Уулзалтаар энэ онд улсын хэмжээнд хийгдэх ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө хэлэлцэх, өнгөрсөн оны гүйцэтгэлд анхаарах зүйлс, сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төслийн хэрэгжилт, цаашид авах хариу арга хэмжээ зэрэг олон талын асуудлаар албаныхан хэлэлцэж байгаа юм.

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтанд БХБЯ-ны газрын дарга Д.Гантулга, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, Дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Дэлгэржаргал, БШУЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт болон 21 аймгийн газрын харилцааны удирдлагууд оролцож байна.

Зөвлөлдөх уулзалтыг нээж Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа хэлэхдээ “Барилгын салбар сүүлийн хоёр жил цар тахлын улмаас хүнд нөхцөлд байлаа. Тээвэр ложистик, хил гаалийн гацалт, саатлаас шалтгаалж барилгын материалын үнэ өссөн. Үүнээс үүдэн бүтээн байгуулалтын ажлуудад хүндрэл бэрхшээлүүд тулгарч байгаа.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн 2021 оны 11 дүгээр сарын 12-нд УИХ-аас цар тахлын улмаас барилгын салбарт хүндрэл үүссэн төслүүдийн зураг төслийг дахин магадлал хийх, барилгын материалын үнийн индексийг гаргах үүргийг БХБЯ-нд үүрэг болгосон. Энэ хүрээнд бид улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийн тоо хэмжээг нь гаргаж, үнийн нөхцөл индексийг нь гаргах зэрэг ажлууд дээр анхаарч байна. Түүнчлэн бид хоёр жил цахимаар зохион байгуулж байсан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын удирдлагуудтай хийх уулзалтаа энэ жил танхимаар зохион байгуулж, өнгөрсөн хугацааны гүйцэтгэл, асуудал, энэ ондоо хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөө, гүйцэтгэл, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт зэрэгт анхаарч, хэлэлцэж байгаагаараа онцлог юм" гэв.

ШИНЭ МЭДЭЭ