Таримал ургамлын үрийн ангиллыг тодорхой болголоо
2022.03.09
Хууль, эрх зүй

Таримал ургамлын үрийн ангиллыг тодорхой болголоо

Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан билээ.

Уг хуулиар таримал ургамлын үрийн салбарын хөгжлийг дэмжих, үрийн салбарын судалгаа, шинжилгээ, инновацыг хөгжүүлэх, дотоодод үйлдвэрлэсэн болон импортолсон бүх төрлийн таримал ургамлын үрийг үржүүлэх, худалдах, таримал ургамлын шинэ сорт бүтээх, сорт бүтээгчийн эрхийг хамгаалах, генетикийн нөөцийг хамгаалах, судалж ашиглах үйл ажиллагааг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулсан. Хууль 9 бүлэг, 31 зүйлтэй.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх бөгөөд дараах онцлог зохицуулалтыг тусгасан. Үүнд:

Таримал ургамлын үрийн ангиллыг тодорхой болгож сортын нөхөн үржихүйн үе шатаас хамааруулан цөм үр, торгон үр, баталгаажсан үр гэсэн ангилалтай байхаар тусгалаа.

Үр үйлдвэрлэлийг тусгай зөвшөөрөлтэй этгээд эрхлэх бөгөөд тусгай зөвшөөрлийг авахад бүрдүүлэх баримт бичгийг таримлын төрлөөс хамааруулан тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоох бөгөөд үрийн тариалан эрхлэх талбайтай байх, тухайн таримал ургамлын онцлогт тохирсон техник, агуулах эсвэл талбайтай байх, мэргэшсэн агрономчтой байх нийтлэг шаардлагыг хангасан байхаар зохицуулсан.

Үр үйлдвэрлэгч нь үр үйлдвэрлэлийн талбайд хянан баталгаа хийлгэдэг байх зохицуулалтыг тусгасан. Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага сортын хянан баталгааг хэрэгжүүлэх бөгөөд тухайн байгууллагын тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн хийж акт үйлддэг байх, холбогдох журмыг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлах зохицуулалтыг шинээр нэмсэн болно.

Монгол Улсын нутаг дэвсгэрт холбогдох стандартын шаардлага хангасан үрийг худалдах бөгөөд түүний сав, баглаа боодол, бичиг баримтад сортын нэр, гарал үүсэл, чанар, ариутгал, сортын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан эсэх талаар тодорхой тусгасан байх шаардлагыг хангасан байна. Үрийг импортлох, экспортлоход холбогдох стандартын шаардлагыг хангасан, үрийн чанарыг тодорхойлсон дагалдах баримт бичигтэй байх, сортын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн сортын үр байх зэрэг шаардлагыг тус тус хангасан байна.

Монгол Улс үрийн улсын болон үрийн технологийн нөөцтэй байх бөгөөд үрийн улсын нөөцийг Нөөцийн тухай хуулиар зохицуулах, харин тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дутагдах үрийн хэрэгцээг хангах, үр шинэчлэх зориулалттай үрийн технологийн нөөцийг тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар тусгасан. Үрийн технологийн нөөцөд байх таримлын төрөл, нөөцийг бүрдүүлэх, удирдах үйл ажиллагааны журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сортын үндэсний бүртгэлийг хөтөлж албан ёсны цахим хуудасдаа байршуулах бөгөөд сортын үндэсний бүртгэл нь ирээдүйтэй, нутагшсан, арилжааны, нутгийн уугуул, хамгаалагдсан гэсэн ангилалтай байна.

Сортын бүтээгчийн эрх олгох, хамгаал№ах зохицуулалтыг шинээр тусгасан. Сортын бүтээгчийн эрхээр хамгаалагдсан сортын материалыг ашиглан үр үйлдвэрлэх, худалдах, экспортлох, импортлох зэрэг үйл ажиллагаанд хамгаалагдсан сортын материалыг ашиглахад сортын бүтээгчийн зөвшөөрлийг авах зэрэг сортын бүтээгчийн эрхийн хамрах хүрээг тодорхойлсон ба сортын бүтээгчийн эрхийн хүчинтэй хугацаа 20 жил байх ба мод, мөлхөө ургамлын хувьд 25 жил байхаар зохицуулсан. Харин өөр сорт гаргаж авах туршилт хийх зэрэг ашгийн бус үйл ажиллагаанд сортын бүтээгчийг хамаарахгүй байхаар хуульчилсан.

Хүнс, хөдөө аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийг баяжуулах, хадгалах, хамгаалах, таримал ургамлын шинэ сорт бүтээх селекцийн ажилд ашиглах зорилгоор таримал ургамлын генетик нөөцийн санг байгуулна. Энэ сан нь Монгол Улсад селекцийн аргаар гаргасан сорт болон нутгийн уугуул сорт, тэдгээрийн зэрлэг удам, эрлийз, гадаадын сортын генетик материалаас бүрдэх бөгөөд төрийн мэдэлд байна. Сангийн үйл хэвийн ажиллагааг төрийн үйлчилгээний эрдэм шинжилгээний хүрээлэн хэрэгжүүлэх бөгөөд генетик нөөцийн санг баяжуулах, генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлон бүртгэх, хадгалж хамгаалах, судалж ашиглах болон харилцан солилцохтой холбогдсон журмыг тариалангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, таримал ургамлын үр, сортын бодлогын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүргийг улсын хэмжээнд тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үрийн технологийн нөөц бүрдүүлэх, ургамлын шинэ сортыг сорих, турших, бүртгэх, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, аймаг, нийслэлд хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагын газар тариалангийн нэгж, сум, дүүрэгт таримал ургамлын үр сорт, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологийн асуудал хариуцсан албан хаагч, тариалангийн бүс дэх сорт сорилтын үйл ажиллагаа эрхлэх төв хариуцан гүйцэтгэхээр хуульчилсан.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт өргөн мэдүүлсэн Таримал ургамлын үр, сортын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг тус тус баталсан.

ШИНЭ МЭДЭЭ