Хашаандаа сайхан амьдаръя хөтөлбөр Сүхбаатар дүүрэгт хэрэгжинэ
2022.03.14
Орон нутгийн хөгжил

Хашаандаа сайхан амьдаръя хөтөлбөр Сүхбаатар дүүрэгт хэрэгжинэ

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд, “Хашаандаа сайхан амьдарья” Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Түмэнбаяртай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 36 дугаар тогтоолоор дүүргийн гудамж, талбай, байр, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэд, олон нийтийн идэвхи санаачилгад суурилан амгалан тайван байдлын тогтолцоог бүрдүүлэх, тэдний сайн дурын үндсэн дээр нэгдэж аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдүүлэх, цагдаагийн байгууллагад тусламж дэмжлэг үзүүлэх, айл хөршийн холбоог сайжруулахад тулгуурласан "Хөршийн хяналтын хөтөлбөр"-ийг баталсан.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн гэр хороолол бүхий хороодын айл өрхүүдэд хашаагаа хэрхэн зөв төлөвлөх, хямд өртөг зардлаар өөрсдийн нөөц бололцоо, туршлага, хамтын ажиллагаанд тулгуурлан засах, тохижуулах, амьдрах орчин, өрхийн амьжиргаагаа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор санамж бичиг байгуулсан байна.

Тус төрийн бус байгууллагын зүгээс гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах замаар инженерийн дэд бүтцийг өргөжүүлэх, авто зам, явган зам болон дугуйн замыг барьж байгуулахад дэмжлэг үзүүлэх, иргэдийг эрчим хүчний хэмнэлттэй байгаль орчинд ээлтэй амины орон сууц барих орчин нөхцлийг бодлогоор дэмжих, иргэдийн бүлэг, хөршийн холбоог дэмжих, гэр хорооллын дунд нийтийн эзэмшлийн талбайг байгуулах, хашаандаа ногоон байгууламж тарих, өрхийн аж ахуй эрхлэх нөхцлийг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ