МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.03.17
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Г.Мөнхцэцэг: БОАЖЯ-ны EIC.mn мэдээллийн нэгдсэн санд шинэчлэл хийх нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.17\ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Өөрчлөлт оруулж байгаа нь талархууштай. Ялангуяа иргэдийн мэдэх эрхийн тал дээр чиг үүрэг бүхий байгууллагуудыг өргөжүүлж байгаа нь сайн хэрэг юм. Иргэдийн оролцоо, хяналттай холбоотой асуудалд дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Бодлогоо зөв гаргаж байж, хуулийн хэрэгцээг хангаж чадна. Иргэдийн оролцоо, ажиллах боломж нөхцөлийг сайжруулах хэрэгтэй.

Говийн бүс нутаг байгаль орчны чиглэлд ихээхэн асуудал дагуулж байгаа. Агаарын бохирдол, нүүрс тээвэрлэлт, хөрсний доройтол, тусгай хамгаалалттай газар, усны хомсдол зэрэг хүндрэлтэй асуудал их байна. Та бүхэн Дундговь, Говьсүмбэр аймагт ажиллаад ирсэн. Мод тарих, ойжуулах асуудал чухал уу гэвэл чухал. Хамгийн гол нь усжуулах асуудлыг тэргүүн эгнээнд тавих хэрэгтэй. Түүнчлэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлнэ гэсэн байгаа. Бид иргэдийн үзэх харах зүйлийг бүрдүүлээгүй байж, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь боломжгүй зүйл. Энэ дээр анхаарч ажиллаасай гэсэн хүсэлтийг миний бие удаа дараа тавьж байна.

БОАЖ-ын EIC.mn мэдээллийн нэгдсэн сан байдаг. Энэхүү мэдээллийн сан сүүлийн үед шинэчлэл хийж, мэдээллээ баяжуулахгүй байгаа юм бэ?

Шинээр томилогдсон салбарын сайд байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, амьдралын бололцоог нь хангахад бодлого гаргаж ажиллахыг уриалж байна.

Түүний асуултад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ