МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Э.Бат-Амгалан: Цаасан дээр төлөвлөсөн бүхэн хөрсөн дээр ажил болж бууна
2022.03.19
Орон нутгийн хөгжил

Э.Бат-Амгалан: Цаасан дээр төлөвлөсөн бүхэн хөрсөн дээр ажил болж бууна

400 орчим мянган иргэнтэй Улаанбаатар хотын хамгийн том Баянзүрх дүүрэг түүхэндээ анх удаа дүүргээ 2030 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн зураглал – 2030” бодлогын баримт бичгийг боловсруулж байна.

Бодлогын баримт бичгийг боловсруулахдаа Монгол улсыг хөгжүүлэх “Алсын хараа – 2050”, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө “Улаанбаатар – 2040” баримт бичгүүдтэй уялдуулсан байна. Тэр ч утгаараа дүүргийнхээ бодлогын баримт бичгийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд иргэдийн санал хүсэлт, оролцоог хангах хэлэлцүүлгийг хийлээ.

Бодлогын баримт бичигт 2022, 2023, 2024 цаашлаад 2030 он хүртэл хороодод ямар бүтээн байгуулалт хийгдэх, аль хороо нь жишиг байдлаар хөгжих, худалдаа үйлчилгээ, тээвэр ложистик, ногоон орчин зэргээс эхлээд иргэдийн өмнө тулгамдсан түгжрэлийг шийдэх авто зам, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын салбарт хийгдэх бүх ажлыг нэг бүрчлэн тусгаснаар онцлог гэнэ.

Ингэснээр УИХ-ын гишүүд улсын төсөвт “Хөгжлийн зураглал”-аа дагаж шаардлагатай төсвийг тусгаж оруулах хариуцлага оногдож байгаа аж. Хэрэв бүх шатандаа “Хөгжлийн зураглал”-аа баримталж, төлөвлөж, хийж чадвал Баянзүрх дүүрэг хөгжлөөрөө тэргүүлж, иргэн бүр ээлтэй орчинд амьдарч, ажиллах нөхцөл бүрдэнэ хэмээн Э.Бат-Амгалан гишүүн хэллээ.

Бодлогын баримтыг иргэнээсээ эхлээд дүүрэг, нийслэлийн төлөөлөгчид, удирдлагууд, УИХ-ын гишүүдийн бүх шатны уялдаа холбоо хамтын хүчээр боловсруулж байгаа гэнэ.

ШИНЭ МЭДЭЭ