Арван хоёр орон бүхий тоотой иргэний бүртгэлийн дугаартай болно
2022.03.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Арван хоёр орон бүхий тоотой иргэний бүртгэлийн дугаартай болно

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.24\ нэгдсэн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, Монгол Улсын Их Хурлын 2009 оны “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу 1,925,772 иргэнд иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний бүртгэлийн холбогдох баримт бичигт ил харагдах бичилтээр тусгах нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Иймд иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар зохицуулжээ. Мөн иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар зохицуулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ