Нийслэлийн харьяа хоёр нэгж шинээр байгуулахыг дэмжлээ
2022.03.24
Барилга, Хот байгуулалт

Нийслэлийн харьяа хоёр нэгж шинээр байгуулахыг дэмжлээ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар мөн “Нийслэлийн судалгаа, шинжилгээний хүрээлэн” төсөвт үйлдвэрийн газар /ТҮГ/ болон “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулах тухай хэлэлцсэн юм.

Энэхүү байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн динамик загвар боловсруулж, нийслэлээс гаргаж байгаа бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрийг тооцох үндсэн чиглэлтэй. Мөн хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын макро тооцооллыг хийх, төр хувийн хэвшлийн төсөл хөтөлбөрийн үр ашгийн тооцоог хийж, хянаж байх юм. Түүнчлэн статистикийн мэдээлэлд үндэслэн нийслэлийн нийгэм, эдийн засгийн их өгөгдлийг бий болгох, дата анализ хийх... зэргээр үйл ажиллагааны чиглэлийг нь тодорхойлжээ. Хүрээлэнгийн өдөр тутмын үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын захирамжаар томилогдсон Гүйцэтгэх захирал удирдаж ажиллах юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төлөөлөгч П.Ганзориг “Нийслэлийн харьяанд маш олон газар, агентлаг байдаг. Улаанбаатар хотын хөгжлийн асуудлыг урагш явуулахад зайлгүй шинэ газар, агентлагийн шаардлага байгаа гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Мөн нийслэлийн агентлаг, газрын чиг үүргийн давхардлын судалгааг хийлгэх саналтай байна” гэв.

Төлөөлөгч Н.Баярчимэг “Судалгаа, шинжилгээний хүрээлэн байгуулах хэрэгцээ, шаардлага нийслэлд хэрэгтэй. Зөвхөн хот төлөвлөлтийн асуудал биш нийгэм, эдийн засаг, улс төр зэрэг бүхий л хүрээний асуудлаар бодлого гаргахдаа судалгаан дээр суурилдаг. Хүрээлэн байгуулагдсанаар улс болон нийслэлийн бодлогын уялдааг хангаж, оновчтой, алсын хараатай бодлого төлөвлөлт бий болно гэж харж байна” гэсэн юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ нийтийн тээврийн үйлчилгээ, тойрог зам барих 2 төслийг хэрэгжүүлнэ. Уг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК байгуулах талаар нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн танилцуулав. Тус компани нь дээрх хоёр төслийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны зардлыг хэмнэх, төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилготой аж. Дээрх хоёр нэгжийг байгуулахыг Төлөөлөгчдийн олонх нь дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ