МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ц.Идэрбат: Шинэ сэргэлтийн бодлогоор тэлэх эдийн засгийн үр дүн иргэдийн хаалгаар орох нь чухал байна
2022.03.25
Улстөр

Ц.Идэрбат: Шинэ сэргэлтийн бодлогоор тэлэх эдийн засгийн үр дүн иргэдийн хаалгаар орох нь чухал байна

УИХ-ын гишүүн Цагаанхүүгийн Идэрбат хэвлэлд анх удаагаа ярилцлага өглөө.


-ОЮУ ТОЛГОЙ, ТӨМӨР ЗАМЫН АСУУДАЛ 14 ЖИЛ МОНГОЛЧУУДЫГ ТАЛЦУУЛЖ ХОХИРООСОН. ОДОО ЭНЭ АСУУДАЛ ШИЙДЭГДСЭН НЬ ТОМ АМЖИЛТ -


-Энэ УИХ-ын хамгийн отгон гишүүнтэй манай сонин ярилцаж байна. Тиймээс таны ажил, амьдралын замналыг тань эхлээд асуух нь зөв болов уу?

-Би 2003 онд их сургуулиа төгссөн. Дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхэд чинь сар шахуу ажилгүй явна шүү дээ. Сар болоод л ажил, амьдралаа бодохгүй бол болохгүй нь, хаана ямар ажил байна гээд хайсан чинь Аймгийн намын хороонд ажил байна гэсэн. Ингээд тухайн үеийн Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны Хэнтий аймаг дахь салбарт анх ажилд орж байлаа. Тэндээ 2003-2008 он хүртэл таван жил ажилласан. Дараа нь 2008 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Үүнээс хойш тасралтгүй дөрвөн удаа ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдож нийт 12 жил ажилласан байна. Ер нь би төрийн ч, улс төрийн ч ажлыг анхан шатнаас нь л эхлүүлсэн хүн л дээ. 2008 онд 27 настай залуу Чингис хотын орлогчоор томилогдож 2014 он хүртэл ажилласан.

2012-2016 онд Хэнтий аймгийн МАН-ын дэд даргаар, 2016-2021 оны аравдугаар сарын 21 хүртэл Хэнтий аймгийн Засаг даргаар ажилласан. Дараа нь улс төрийн шийдвэр гарч, УИХ-ын сонгуульд оролцох үүргийг намаас өгсөн. Ингээд нөхөн сонгуульд нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Намын ажлыг ч тэр, төрийн ажлыг ч тэр анхан шатнаас нь эхлүүлсэн болохоор зовлон, жаргалыг нь сайн мэднэ. Улс төрд ороход надад ямар нэгэн том “мотор” байсангүй. Анхан шатнаас л эхэлсэн. Гэнэтхэн замын дундаас ороогүй. Эргээд бодоход амьдралынхаа 19 жилийг нам, төрийн ажилд зарцуулжээ. Үүний 16 жилийг нь Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан байна. Мэдээж улс төрийн алба хашихад намын хамт олон итгэл хүлээлгэсэн.

Аймгийнхаа өнгөрсөн 30 жилийн түүхийг харахад манай аймагт улс төрийн намууд ээлжилж ялалт байгуулж байж. Нэг дөрвөн жилд нь МАН, дараагийн дөрвөн жилд АН гэсэн циклтэй явж байж. Энэ циклээр бол 2020 оны сонгуульд манай нам амжилтгүй оролцох магадлалтай байлаа. Тиймээс сонгуульд зайлшгүй ялах ёстой гэсэн чиглэл өгсөн. Ингээд нэр дэвшигч хэн байх судалгаа хийсэн. Судалгаагаар Чингис хотын дарга байсан хүн дэвших нь зүйтэй гэсэн намын шийдвэр гарсан. Тэр үед намын УЗ, тухайн үед намын дарга байсан У.Хүрэлсүх даргын гаргасан шийдвэр мэдээж дэмжлэг болсон.

-Тухайн үед та УИХ-д нэр дэвшихээ илэрхийлээгүй байсан шүү дээ. Тиймээс гэнэтийн шийдвэр байв уу гэж харсан...?

-Тухайн үед УИХ-д дэвших бодол надад байгаагүй. Аймгийн даргаар сонгогдчихсон байсан үе. Аймгийн Засаг дарга гэдэг бол их хариуцлагатай, цаг наргүй ажил шүү дээ. Саархан хийвэл хэцүү ажил. Тиймээс Аймгийн орлогч, Засаг даргаар ажиллаж байсан, анхан шатнаас нь явсан хүний хувьд аймаг орон нутагтаа юм хийе, зүтгэе гэсэн бодолтой байсан. Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж аймгаас сонгогдсон гишүүн Ерөнхийлөгч болоод дараагийн нөхөн сонгууль яригдахад МАН журмаа л баримталсан. Өөрөөр хэлбэл, дэвшье гэсэн сонирхолтой хүн олон байсан байх Тэр хүмүүст судалгаа хийж, судалгаан дээр хамгийн өндөр үр дүн үзүүлсэн хүн л нэр дэвшинэ гэсэн чиглэлийг бидэнд өгсөн. Судалгаанд миний нэр орсон. Судалгааны дүнд үндэслэж дэвшүүлэх чиглэлийг намаас өгсөн. Ингээд сонгуульд нэр дэвшсэн.

-Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод нэг чуулганы хугацааг үдлээ. УИХ-ын гишүүний ажил гэдэг ямар байдаг юм байна. Танд юу мэдрэгдэж байна?

-Нам, улс төр, төрийн ажил хийж байсан болохоор огт мэдэхгүй зүйл рүү ороод ирсэн юм биш л дээ. Анх улс төрийн ажил, сумын дарга байхаас эхлүүлээд үе үеийн аймгийн Засаг дарга, гишүүдтэй хамтарч ажиллаж байсан учраас ерөнхийдөө гишүүд орон нутагтаа яаж ажиллах ёстой, иргэд юу хүсэн хүлээж байдаг юм бэ гэх мэтчилэнгийн зүйлийг гадарлана. Гэхдээ мэдээж хууль тогтоох дээд байгууллагад ажиллахатай харьцуулахгүй байх. Хууль тогтооно гэдэг бол их хариуцлагатай ажил.

Тиймээс ч энэ тал дээр нэлээн олон зүйл бодсон. Аймгийн засаг дарга, сумын даргаар ажиллаж байсан бүхэн мэдээж олон нийтийн итгэл дээр суурилж явсан. Энэ хэрээр олон нийт хүлээж, харж байдаг учраас улам л хичээхгүй бол болдоггүй. Хэнтий аймгийн иргэдийн олонхын итгэлийг олж ажиллана гэдэг хүндтэй, их хариуцлагатай ажил. Тиймээс УИХ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хариуцлагатай байх шаардлагатай. Хийдийн суурийн гэр хорооллоос гарсан хүүхэд ингэж явна гэдгийг манай аймгийнхан мэднэ. Анхан шатны зовлон жаргалыг мэддэг учраас Идэрээгээ дэмжинэ гэдэг.

Тэднийг төлөөлж чадна, юм хийнэ гэсэн том итгэлийг тээж яваа хүний хувьд энэ чиглэлд илүү анхаарч, хууль тогтоохдоо анхан шатан дээр гардаг хүндрэлийг засахад гишүүдийн анхаарлыг хандуулах бодолтой байдаг. УИХ-аас баталсан хууль дарга, сайд эсвэл Улаанбаатар хотын түвшинд бус Монгол Улсын 330 сум, 1500 багийн гурван сая 300 мянган иргэнд хүрч үйлчилдэг гэдгийг бодож хандах хэрэгтэй. Нэг хууль баталдаг, баталсан хууль орон нутагт хүндрэл учруулдаг зүйл бий шүү дээ. Тиймээс ийм хууль байлгахгүйн төлөө гишүүдтэйгээ хамтарч ажиллаж байна. Бүлэг дээр ч энэ асуудлаа хэлж, ярьж байна. Анхан шатанд хүрч хууль хэрэгждэг шүү. Тэр хөрсөн дээр буух хууль л батлахгүй бол хуулийн тоо нэмсэн зүйл болох вий дээ гэж л хэлж, ярьж анхаарч байна.

-Таны үнэт зүйл, цаашдын зорилго тань уншигчдад сонирхолтой байх болов уу?

-Улс төрийн намд орсон тэр цаг үе, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж байсан тэр цаг үеэс эхлэн зарчмаа болгосон зүйл маань олон түмний итгэлийг даах л даа. Нэг удаа сонгогдоод буух нэг хэрэг байх. Гэхдээ дараалан сонгогдоно гэдэг хариуцлагатай байх, итгэл даадаг байх, ярьсан хэлсэндээ хүрдэг байх, зарчимтай байхыг шаарддаг. Чадна гэвэл чадна. Чадахгүй бол чадахгүйгээ хэлчих хэрэгтэй. Аймаг, сумын даргаар ажиллаж байх хугацаандаа миний баримталж ирсэн зарчим энэ л дээ. Ер нь би судалъя ч гэдэг юм уу бөөрөнхийлсөн зүйлд дургүй.

Хүнд ч хүлээлт үүсгээд эвгүй. Тиймээс хувь хүн талаасаа энэ зарчмаар л баримтална. Харин УИХ-ын гишүүн гэдэг үүднээс бол, улс орон, ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой шүү дээ. Энэ нь ч хуульд заагдаж, бүр тангараг болгоод өргөж байна. Тангараг өргөсөн хуулийнхаа хүрээнд бүх үйл ажиллагаагаа явуулна гэж боддог. УИХ-ын гишүүний давуу байдлыг өөртөө бий болгох гээд энд тэндхийн хөнгөлөлттэй зээл рүү хошуу, хумсаа дүрдэг зүйл огт байж болохгүй.

Энэ бол ёс зүйн хувьд ч туйлын буруу. Тодорхой түвшинд шийдвэр гаргах ажил эрхэлж байсан хүний хувьд хувийн ашиг сонирхол гэдэг зүйлээс хол байхыг эрмэлздэг. Үүнийгээ одоо ч баримталж ажиллана. УИХ-ын гишүүний хуульд заасан үүргээ биелүүлнэ. Ёс зүйн хувьд энэ зарчмаа баримталж ажиллана. Энэ бол надад шинэ зүйл биш. Миний ажлын зарчимд хэзээний л байсан зүйл. Ах дүүгээ албан тушаалд тавих ч юмуу иргэдийн шүүмжлээд байдаг зүйлээс аль болох хол байдаг. Цаашдаа ч ийм л байна.

-Шинэ залуу гишүүний хувьд та Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Өмнө нь сум, аймгийнхаа түвшинд л асуудлыг харж, шийддэг байлаа. Улсын төсөвт аль болох их хөрөнгө тавиулчихвал баярлаад л гүйдэг байсан. Харин УИХ-д орж ирээд төсөв хөрөнгөө батлалцаад, улс орны эдийн засгийн нөхцөл байдал зэрэг бүх асуудлыг сонсож мэдээлэл аваад ирэхээр бодох зүйл нэлээн их болдог юм байна. Цар тахлын хүнд үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн байна гэж харж байгаа.

Цар тахлын хязгаарлалт үйлчилж байгаа энэ цаг үед Монголын төр цалин, тэтгэвэр, тэтгэмж гээд бүх зүйлээ цаг хугацаанд нь өглөө. Коронавирусийн гурав, дөрвөн том давлагааг тодорхой хэмжээнд амжилттай давлаа. Ард иргэдээ вакцинжууллаа. Эрүүл мэндийн салбарын ажиллах бүхий л бололцоогоор хангалаа. Тэр битгий хэл нийт иргэдийнхээ ус, дулаан, тог цахилгааны мөнгийг төр хариуцлаа. Энэ бол цаг үеэ олсон зөв зүйтэй арга хэмжээ болсон. Монгол Улсын эдийн засаг тэлэхгүй 10 жил болчихлоо гэж байгаа шүү дээ. Тиймээс эдийн засгаа тэлэх томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Ямартаа миний мэдэхээр намайг аравдугаар сарын 21-нд тангараг өргөснөөс хойш Оюу толгойн хэлэлцээр Монгол Улсад ашигтайгаар урагшиллаа.

Мөн төмөр замын бодлогын асуудлууд шийдэгдлээ. Энэ хоёр асуудал л гэхэд 14 жил шийдэгдээгүй, монголчууд хоорондоо талцаж маргалдсан асуудал. Үүнээс болж улс орноороо л хохирсон байна. Энэ том төслүүдийг урагшлуулчихлаа. Энэ бол Монгол Улсын эдийн засгийг тэлэх бололцоог бүрдүүлж байна шүү дээ. 10 их наядын хөтөлбөр гэж том хөтөлбөрийг Засгийн газар зоригтой авч хэрэгжүүллээ. Би тухайн үед аймгийн даргаар ажиллаж байсан. Энэ төсөл хөтөлбөрүүд орон нутагт хэрэгжиж эхлэхэд орон нутгийн аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг болсон. Үүнээс гадна шударга бус зүйл ихээхэн яригдаж байна. Жишээлбэл, Хөгжлийн банкны асуудал байна.

Би гурван сар хэртэй УИХ-ын чуулганы танхимд суулаа. Энэ хугацаанд Оюу толгой, төмөр зам, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг олон төсөл батлагдаж хэрэгжих шатандаа явж байна. Үүнээс би Монгол Улсын цаашдын эдийн засаг тэлэх нь гэж харж байгаа. Нөгөө талаас эдийн засаг тэлж байгаа ч гэсэн эдийн засгийн өсөлтийг иргэдийн хаалгаар оруулахгүй, дундаас хаадаг боодог, хумсалдаг зүйлтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-аас гадна хууль хяналтын болон иргэний нийгмийн байгууллагууд жирийн иргэд бүгд тэмцэнэ гэдгээ илэрхийлж эхэллээ. Энэ бол сайн зүйл. Учир нь нэг талаас эдийн засаг өсөх бололцоог бүрдүүлж байна. Нөгөө талд ард иргэдэд очихоос өмнө дундаас нь хумсалдаг байсан үйлдлүүд цаашид гарахгүй нь.

Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд нэг ажлын албатай. Ажлын албаараа дамжуулж бүх үйл ажиллагаагаа давхар явуулдаг. “Эргэх холбоо” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ бол 2016 оноос эхэлсэн зүйл л дээ. “Эргэх холбоо-52” хөтөлбөрийг гаргаж Хэнтий аймгийн 89 багт хүрч ажиллах зорилт тавьсан. Намрын чуулганы завсарлагаанаар Хэнтий аймгийн 19 сум, нэг тосгон гээд нийт 40 гаруй багаар явж дөрвөн мянган иргэнтэй уулзсан.

Энэ үеэр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төлөвлөсөн ажлууд, УИХ-аас баталсан хууль, тогтоомж зэргийг танилцуулж иргэдийн санал бодлыг сонссон. Энэ үеэр иргэд Оюу толгой, төмөр зам, Шинэ сэргэлтийн бодлогыг нааштай хүлээж авч байна. Нөгөө талд Хөгжлийн банкны асуудалд монгол хүн бүр чих тавьж байна. Солонгост ажилладаг, амьдардаг найзуудтайгаа ярихад бас л Хөгжлийн банкны асуудлыг хөндөж байна. Дэлхий нийтэд тархан суурьшсан монголчууд хүртэл Хөгжлийн банкны шударга бус зүйлтэй яагаад ч эвлэрэхгүй вэ гэдгээ илэрхийлж байна шүү дээ. Ер нь эвлэрэх ч боломжгүй зүйл л дээ.

-Хамгийн том төсөвтэй аймаг бол Хэнтий. Та төсвийн хуваарилалтыг хэрхэн дүгнэдэг вэ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2-3 мянган малчдад зориулж зам тавьж байна. Энэ эрүүл үзэгдэл үү?

-Үүнийг ялгаж салгаж ойлгомоор байгаа юм л даа. Үүнийг би Монгол Улсын төрийн шийдвэр тодорхой хэмжээнд хэрэгжиж эхэлж байгаагийн илэрхийлэл гэж харж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд олон хөгжлийн бодлогыг баталсан ч ямар нэгэн арга хэмжээ авалгүй цаасан дээр буугаад үлддэг байснаас болж тэр олон хөгжлийн зорилтууд хэрэгжээгүй. Учир нь төсөв хөрөнгийн асуудлыг нь шийддэггүй байсан.

Монгол Улс уул уурхай, мал аж ахуй гэсэн хоёр салбарыг л голчлоод байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлбэл эдийн засгийн гуравдагч тулгуур болно гэж үзсэн учраас ийшээ төсөв хуваарилах болсон. Өнөөдөр Улаанбаатар хотын төв орчим соёлын аялал жуулчлал, Хөвсгөл аймаг байгалийн аялал жуулчлал чиглэлээр явчихлаа. XIV-XV зууны Монголын түүхтэй холбоотойгоор Архангай, Өвөрхангай аймгууд залгуулаад орж ирж байна. Уржигдар Ерөнхий сайд Баян-Өлгий аймагт ажиллахдаа Алтай таван богдыг дагасан аялал жуулчлалын бүсийг хөгжүүлнэ гэсэн.

Аялал жуулчлалын салбар Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд дорвитой нөлөө үзүүлэхүйц салбар болгоё гэсэн бодлого гарсан. Үүнийг хэрэгжүүлэх хүрээнд төсвийн хуваарилалт хийгдэж байна. Тиймээс Хэнтий аймгийн төсөвт аялал жуулчлалтай холбоотой цогцолбор, авто замын асуудал багтсан. Хэнтий аймгийг Чингис хааны төрсөн нутаг гэдгээр бид мэднэ. Гэхдээ дан ганц Чингис хааны төрсөн нутаг гэдэг агуулгаар бус XIII зууны Монголын түүхийн өлгий нутаг болчихоод байгаа юм. Тухайлбал, Чингис хааныг хаан ширээнд залсан, Боорчитой анд нөхөр болсон, анхны хот, төрсөн нутаг гэдэг ч юмуу "Монголын нууц товчоо" дээр дурдагдсан Монголын эрдэмтэн судлаачид, монголч судлаачид баталчихсан олон газар байдаг. Тиймээс үүнийг түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлье гэж байгаа юм. Энэ түүхийг сонирхдог олон мянган жуулчид Монголд ирж байна шүү дээ.

Энд Чингис хаан төрсөн гээд нэг уул харуулаад байвал сонин биз дээ. Чингис хааны төрсөн нутагт нь очно. Тэнд тухайн үеийн түүхтэй холбоотой ийм зүйл байна гэх ёстой шүү дээ. Түүнийг нь үзэхийн төлөө жуулчид мөнгөө төлдөг байя гээд хийж байгаа ажил. Түүнээс Хэнтий аймагт зориулагдсан төсөв биш. Бүтээн байгуулалт хийгдэж байгаа газар нутаг нь Хэнтий аймаг болохоор Хэнтий аймгийн төсөв гэж хараад байх шиг байгаа юм. Нөгөө талаас Хэнтийд ч Монгол Улсын хүн ам амьдардаг. Тиймээс нийгэм, соёлын барилга барих шаардлагатай бол алагчлалгүй барих л ёстой. Хоёр өөр зориулалттай төсөв нийлэхээрээ өндөр харагдаад байгаа юм. Түүнээс 21 аймгаас зөвхөн Хэнтий рүү гээгүй. Засгийн газар алсдаа эдийн засгаа тэлэх том зорилтуудаа дэвшүүлж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө төсөв баталж байгаа нь сайн зүйл гэж харж байна.

-Хаврын чуулган эхэлчихлээ. Энэ чуулганы онцлогийг та юу гэж харж байна вэ?

-Хаврын чуулган эхэлж байгаа энэ цаг хугацаанд эдийн засгийн нэлээн хүндрэлтэй цаг үеүд ирж байна. Дэлхий нийтийн дайн байлдааны асуудал. Инфляци, экспорт, импортууд дээр ихээхэн хүндрэл гарч байна. Үүсээд байгаа энэ хүндрэлүүдийг даван гарахад чиглэгдсэн арга хэмжээг УИХ авах байх гэж харж байна. Сангийн сайд, УИХ-аас ажлын хэсэг гаргая гэж байгаа юм билээ. Учир нь эдийн засгийн бодит хүндрэлүүд, түүнээс гарах арга замыг олъё гэж байгаа юм билээ.

Тиймээс энэ чиглэлийн төслүүд нэлээн хэлэлцэгдэх байх. Нөгөө талаас 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх хууль тогтоомжуудыг хэлэлцэх байх. Мөн Нийгмийн даатгалын хууль, Боловсролын багц хууль, Газрын тухай хууль, Улс төрийн намын тухай зэрэг олон нийтийн хүлээлтэд байгаа хэлэлцэх хуулиуд бий. Долдугаар сарын 10 хүртэл чуулган нэлээн ачаалалтай ажиллах болов уу гэж бодож байна. Миний хувьд тойрогтоо ажиллаад ирсэн. Уржигдар бүлэг дээр ярьсан асуудлуудаа ажил хэрэг болгох ажлууд байна. Мөн орон нутагт ажиллаж байсан хүний хувьд сум, баг дээр гарч байгаа хүндрэлийг арилгах төрийн ажлыг шуурхай, саадгүй явуулах чиглэлд хууль санаачилсан. Одоогоор төсөл дээрээ ажиллаж байна.

Удахгүй өргөн барина. Ер нь нэлээн идэвхтэй гишүүн байхыг зорьж байна. Учир нь Хэнтий аймгийн ард иргэд намайг кнопчин, эсвэл чуулганы ирц бүрдүүлдэг товарищ байлгах гэж сонгоогүй шүү дээ. Монголын төрд хариуцлагатай ажлыг олон түмний итгэл дээр хашиж яваа хүний хувьд идэвхтэй эргэх холбоотой, олон нийтийн санал бодлыг сонсдог, түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө хичээж ажилладаг хүн байхыг хичээж байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд тодорхой үр дүнгээ өгч байна. Маскаа тайлахаас бусад арга хэмжээг цуцалчихлаа. Ковидын тохиолдлын тоо багаслаа.

Энэ бол Засгийн газар хүнд зүйлийг амжилттай давж байгаагийн илрэл. Ковид дуусч одоо нэг эдийн засгаа сэргээе гэтэл дайн залгууллаа. Дайны нөлөөлөл бидэнд яаж тусах вэ, үүнээс Монгол Улс эдийн засгаа яаж авч үлдэх зэрэг олон зүйл байгаа. Тиймээс их л хүнд цаг үед ажиллаж байгаа Засгийн газар, УИХ гэж харж байна.

-Та 40 жил аймагтаа амьдарлаа гэлээ. Хотод хэрхэн төвхнөж байна вэ?

-Хотын айл болох гээд хичээж л байна. Эхнэр маань бага хүүхэдтэйгээ хотод ирэн очин байна. Бусад хүүхдүүд маань аймагтаа сурч байгаа. Дараа жил хүүхэд төгсөх учраас хотод байр савтай болъё гэсэн гэр бүлийн төлөвлөгөө маань санаандгүйгээр жил урагшилчихлаа. Тиймээс намраас бүгдээрээ хотод цугларна даа.

ШИНЭ МЭДЭЭ