"Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган" онцлох хэлэлцүүлгээр үргэлжилж байна
2022.03.29
Байгаль Орчин, Аялал жуулчлал

"Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган" онцлох хэлэлцүүлгээр үргэлжилж байна

 “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулганы онцлох буюу ”Олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол Улсын үүрэг оролцоо" хэлэлцүүлэг эхэллээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж үг хэлсний дараа тус хэлэлцүүлэг эхэлж байна. Тус хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай чиглүүлэх юм. Тэрбээр, "Өнөөдрийн онцлох хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын үгэнд хэлсэнчлэн, бүс нутгийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрчимтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг чиглүүлэхэд оршино. Энэхүү салбар хэлэлцүүлэгт Ногоон санхүүжилтийн чиглэлээр олон улсад тэргүүлж буй олон улсын байгууллагын хүндэт төлөөлөгч оролцож байна" хэмээн танилцууллааа. 

Хэлэлцүүлэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Хөгжлийн хөтөлбөрийн шадар захирагч Уша Рао-Монари, УАНС-гийн Гүйцэтгэх захирал Янник Глемарик цахим мэндчилгээ ирүүлэв.

Тус хэлэлцүүлэгт,

  • БНХАУ-ын Ногоон санхүүгийн үндэсний зөвлөлийн дарга Ма Жун, 
  • Дэ Нэйче Консерванси, Байгаль хамгаалал хариуцсан захирал Дэвид Бэнкс нар цахимаар, Олон улсын санхүүгийн корпорацийн Суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ханнес Такач, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандран биечлэн оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлгээр, байгаль орчин, ногоон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэхээс гадна Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батална. Мөн уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй санхүүгийн байгууллагууд, зарим томоохон аж ахуйн нэгжүүдэд батламж гардуулах юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх бүс нутгийн уриалга, хамтарсан төслийн санал боловсруулна. Чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монголын эдийн засгийн чуулган 2022 арга хэмжээний нэгдсэн хуралдаанд хүргүүлж танилцуулах аж.

Ташрамд дурдахад, “Монголын эдийн засгийн форум-2022”-ыг угтаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, “Эрчим хүчний сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” хэлэлцүүлэг энэ сарын 21, 22-нд болсон. Улмаар энэ сарын 24-нд "Аж үйлдвэржилтийн сэргэлт" сэдвээр УУХҮЯ, 25-нд "Хот хөдөөгийн сэргэлт" сэдвээр НЗДТГ болон холбогдох яамд, 28-нд "Боомтын сэргэлт" сэдвээр Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.

ШИНЭ МЭДЭЭ