МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Жаргалмаа: Яагаад охид Black Pink, BTS-ийг яриад монголын язгуур урлаг, бие биелгээгээ ярихгүй байгаа юм
2022.03.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Жаргалмаа: Яагаад охид Black Pink, BTS-ийг яриад монголын язгуур урлаг, бие биелгээгээ ярихгүй байгаа юм

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Монголоо мандуулъя” аяны уриалга дор хийгдэж буй “Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг оролцоо, шийдэл гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Монголоо мандуулъя” сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Спортын чиглэлд ямар ажил хийж байгаа вэ. Өнөөдөр Спортын төв ордон унах хэмжээнд хүрсэн байна. Тамирчдад зориулсан байрыг бэлэглэлийн гэрээгээр нэг нь нөгөөдөө өгчихсөн. Энэ асуудал шийдэгдээгүй байгаа.

Биеийн тамир спортын улсын хороо ажлаа хийж чадахгүй бол Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд өгвөл яасан юм.

“Монголоо мандуулъя” гэж байна. Тэгвэл хэн өнөөдөр монголоо мандуулж байна. Тамирчид л мандуулж байна. Монголоо мандуулж байгаа тамирчдын төлөө ямар ч ажил хийгдэхгүй байна.

Бид монголоо авч үлдэхийн тулд яах ёстой билээ. Ингэхийн тулд зөөлөн хүчний бодлого бидэнд хэрэгтэй. Гэтэл гадаад улсын Элчин сайдын яам өөрийнхөө дэргэд бүхэл бүтэн студи ажиллуулаад өөрийн кино, контентуудаа орчуулан, монголын уран бүтээлчдээр дуу оруулуулаад, телевизүүдээр дамжуулж байна.

Өнөөдөр яагаад охид Black pink, BTS-ийг яриад монголын язгуур урлаг, бие биелгээгээ ярихгүй байгаа юм. Яагаад Алтайн магтаал ийм учиртай юм гэдэг контент хийхгүй байгаа юм.

Даяаршиж буй нийгэмд монголоо авч үлдэх ёстой гэдэг ч яагаад энэ тал дээр алдаад байна вэ.

Шинэ мөсөн ордонтой болсон ч тэнд нь хүлээн авалт зохион байгуулагдаж байх жишээтэй. Энэ дээр бидэнд бодлого хэрэгтэй байна" гэв. 

ШИНЭ МЭДЭЭ