Нэр нөлөө бүхий эрх мэдэлтэнүүд цар тахлыг хохиролгүй даван туулах амлалтаасаа урвалаа
2022.03.29
Улстөр

Нэр нөлөө бүхий эрх мэдэлтэнүүд цар тахлыг хохиролгүй даван туулах амлалтаасаа урвалаа

Улс төрийн удирдагчид, томоохон корпорациуд цар тахлыг хохиролгүй даван туулах амлалтаасаа урваж, ашиг хонжоо, эрх мэдлээ ард түмнээсээ дээгүүрт тавьлаа.

2021 он ужгирсан тэгш бус байдлыг арилгаж, Ковид-19 цар тахлыг хохиролгүй даван туулна гэсэн худал амлалтаар дүүрэн, дэлхийн улс орнуудын удирдагчид эрх мэдэл, ашиг орлогоо хадгалж үлдэхээр томоохон корпорацуудтай тохиролцсон жил байлаа.

Мөн дэлхийн хамтын нийгэмлэг нэмэгдсээр байгаа хямрал мөргөлдөөнийг зохицуулж чадаагүй нь цаашдын хурцадмал байдлын үүдийг нээлээ. Дэлхийн улсуудын тухайлбал, Африк, Ази, Латин Америкийн орнуудын хамгийн их гадуурхагдсан, нийгмийн эмзэг бүлгүүдэд эдгээрийн үр дагавар нь хүндээр туслаа.

Худал амлалтаар дүүрэн жил

Чинээлэг улсууд 2021 онд Ковид-19 цар тахлыг эрх тэгш, хохиролгүй даван туулна хэмээн худал амлалт, хоосон үгээр хүмүүсийг мэхэлж, томоохон корпорациудтай үгсэн хуйвалдсан нь энэ цаг үеийн хамгийн том урвалтуудын нэг юм хэмээн дэлхийн хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит тайлангаа гаргаж байгаа Эмнести Интернэшнлээс өнөөдөр мэдэгдлээ. Эмнести Интернэшнлийн тайлан 2021/22: Дэлхийн хүний ​​эрхийн төлөвт улс орнууд томоохон корпорациудтай хамтран тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлсэн болохыг онцолжээ. Үүнд томоохон корпорациудын аминд хүрэх шунал, улс үндэсний хувиа хичээсэн харгис байдал, түүнчлэн дэлхийн улс орнуудын засгийн газрууд эрүүл мэнд, нийгмийн дэд бүтцийг үл тоомсорлосон зэрэг уг шалтгааныг нарийвчлан дурдсан байна.

“2021 он бүх нийтээрээ эдгэрч тэнхрэх, сэргээн босгох ёстой жил байсан ч эсрэгээрээ олон жилийн турш ужгирч гүнзгийрсэн тэгш бус, тогтворгүй байдлын өөгшүүлсэн жил боллоо. Цар тахлын улмаас гүнзгийрсэн тэгш бус байдлыг арилгаж илүү сайнаар сэргээн босгоно’ хэмээн үе үеийн удирдагчид амласан. Гэвч тэд корпорациудтай эвсэн шунахайрсан, урвасан эмгэнэлт үлгэрийг үзүүлэв. Энэ нь ядууралд хамгийн өртөмтгий гадуурхагдсан бүлэгт хамгийн их хохирол учруулж
байна" хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард өгүүлэв.

Хувиа бодсон үндсэрхэг үзэл, компаниудын шуналаас үүдэн тасалдсан вакцины үр нөлөө

Ковид-19 вакциныг хурдан гаргаж авсан нь шинжлэх ухааны гайхамшиг болж, цар тахлыг бүх нийтээр давах туулах итгэл найдварыг төрүүлэв. Дэлхийг бүрэн вакцинжуулах хангалттай үйлдвэрлэл байсан ч 2021 оны эцэс гэхэд бага орлоготой орнуудад амьдарч буй хүмүүсийн 4 хүрэхгүй хувь нь л бүрэн вакцинд хамрагджээ.

ЕХ-ны гишүүн орнууд, Их Британи, АНУ зэрэг чинээлэг улсууд шаардлагатай хэмжээнээс илүү их тунг нөөцөлж байх зуур Бийг Фарма зэрэг корпорациуд ашиг орлогоо илүүд үзэж, вакциныг өргөн хүрээнд түгээх боломжийг бий болгох технологио хуваалцахаас татгалзлаа. 2021 онд Файзер, Бионтех, Модернагаас 54 тэрбум ам.доллар хүртэлх хэмжээний их ашиг олохоор тооцоолж вакциныхаа 2 хүрэхгүй хувийг орлого багатай орнуудад нийлүүлсэн байна. Ашиг олохын тулд цар тахлыг хохирол багатай туулахад саад болсон томоохон корпораци нь цор ганц Бийг Фарма биш юм. Фэйсбүүк, Инстаграм, Твиттер зэрэг сошиал медиа компаниуд нь Ковид-19-ийн талаар ташаа мэдээлэл түгэх таатай нөхцөлийг бүрдүүлж вакцинд үл итгэх эргэлзээг дэвэргэсэн. Мөн өөрсдийн улс төрийн ашиг сонирхлын төлөө зарим удирдагчид үл итгэлцэл, айдас төрүүлж, ташаа мэдээлэл тараагчийн үүрэг гүйцэтгэлээ.

Цар тахлын хариу арга хэмжээнд нэрвэгдэгсэд 

2021 оны эцэс гэхэд Африк тивийн нийт хүн амын 8 хүрэхгүй хувь нь л вакцинд бүрэн хамрагдсан. Энэ нь COVAX facility, the Africa Vaccine Acquisition Trust-ийн нийлүүлэлт, хандив тусламж хангалтгүйгээс болсон бөгөөд дэлхийн вакцинжуулалтын хамгийн бага хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн тогтолцоо нь сул, вакцины кампанит ажил амжилтгүй явагдсаны улмаас хүн ам нь хамгаалалтгүй үлдэв.

Өмнөд Африкт тавдугаар сарын байдлаар ойролцоогоор 750,000 хүүхэд сургуулиас завсардсан нь тахлын өмнөх үеийнхээс гурав дахин их байна. Вьетнамд эмэгтэй цагаач ажилчид илүү нөлөөлөлд өртөж, аюулгүй хоол хүнс, бусад үндсэн хэрэгцээт зүйлсээр хангагдаж чадаагүй аж. Венесуэл улсад хүн амын 94.5% нь орлогын
ядууралд, 76.6% нь нэн ядуу амьдарч байсныг цар тахал улам дордуулжээ.

“Дэлхийн олон оронд ядуу, гадуурхагдсан, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс эрх ямбатай цөөнхийн зориудаар сонгосон бодлогод өндөр үнэ төллөө. Эрүүл мэнд, амьд явах эрх асар ихээр зөрчигдөж, олон хүн орон гэргүй, хүүхдүүд боловсролгүй болж, сая сая хүн амьжиргаагаа залгуулах гэж зүдэрсээр ядуурал нэмэгдэв. Хүнсний аюулгүй байдал хангагдахгүй, ядуурал өсөн нэмэгдэж, цар тахлыг засгийн газрын эсрэг үзэл бодол, эсэргүүцлийг дарах зэвсэг болгосон зэрэг нь бүгд 2021 онд тарьж ургуулж, вакцины үндсэрхэг үзлээр усалж, чинээлэг орнуудын шуналаар бордогдсон" гэж Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ тэмдэглэв.


Мөргөлдөөнийг цэцэглүүлж буй олон улсын хариу үйлдэл 

2021 онд Афганистан, Буркина Фасо, Этиоп, Израиль болон Палестины эзлэгдсэн газар нутаг, Ливи, Мьянмар, Йемен зэрэг улсад шинээр мөргөлдөөн үүсч, өмнөх зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд дайтаж буй талууд олон улсын хүний ​​эрх, хүмүүнлэгийн хуулийг зөрчиж байна. Үр дүнд нь энгийн иргэд хохирол амсаж, олон
сая хүн дүрвэж, олон мянган хүн амь үрэгдэж, олон зуун хүн бэлгийн хүчирхийлэлд өртөж, аль хэдийн хэврэг болсон эрүүл мэнд, эдийн засгийн тогтолцоог сүйрүүлэв.

Эдгээр өсөн нэмэгдэж байгаа зөрчилдөөнийг дэлхий дахин шийдвэрлэж чадаагүй нь илүү тогтворгүй байдал, сүйрлийг өдөөсөн. Хямралын эсрэг олон улсын хариу арга хэмжээ үр дүнгүй байсан нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хариу арга хэмжээ авах чадваргүй байдалтай холбоотой. Аюулгүйн Зөвлөл нь Мьянмар дахь харгислал, Афганистаны хүний ​​эрхийн зөрчил, Сирийн дайны гэмт хэргийн эсрэг арга хэмжээ авч чадсангүй. Энэхүү ичгүүртэй идэвхгүй байдал, олон талт байгууллагуудын эс үйлдэхүй, нөлөө бүхий улсуудын хариуцлагагүй байдал нь Орос улс олон улсын хуулийг бүдүүлгээр зөрчин Украин руу халдах замыг нээж өгсөн.

Эсэргүүцсэн үзэл бодлыг дарах, ухрах хандлага түгсэн нь

2021 онд бие даасан, шүүмжлэлт дуу хоолойг хумих чиг хандлага дэлхий даяар эрчимжиж байна. Хүний эрх хамгаалагчид, төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сөрөг хүчний удирдагчид хууль бус баривчилгаа, хүчээр сураггүй болгох, эрүү шүүлтийн бай болсон.

2021 онд наад зах нь 67 улс үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, хуран цуглах эрх чөлөөг хязгаарласан шинэ хууль санаачилжээ. АНУ-д наад зах нь 36 муж улс жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хязгаарласан 80 гаруй хуулийн төслийг өргөн барьсан бол Их Британийн засгийн газар тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөг эрс хязгаарлаж, цагдаагийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн Эрүү, Зөрчил, Цагдаа, Шүүхийн тухай хуулийн төслийг санаачиллаа.

Оросын засгийн газар тайван жагсагчдыг олноор нь баривчлахын тулд царай таних технологид шилжсэн бол, Хятадын эрх баригчид интернэтийн үйлчилгээ үзүүлэгч компаниудаас “үндэсний аюулгүй байдал”-д заналхийлсэн Шинжаан, ХонгКонг зэрэг маргаантай сэдвүүдийн талаарх вэб сайтын хандалтыг зогсоох, апплекейшнийг хаахыг шаарджээ. Куба, Эсватини, Иран, Мьянмар, Нигер, Сенегал, Өмнөд Судан, Суданд эрх баригчид дарангуйллын талаар мэдээлэл солилцох, хариу арга хэмжээ зохион байгуулахаас сэргийлэхийн тулд интернэтийг хааж, тасалдуулсан байна.

2021 онд олон улс орнууд тулгамдаж буй сорилтуудыг хэрхэн даван туулах талаар нэн шаардлагатай байгаа хэлэлцүүлэг, мэтгэлцээний орон зай бий болгохын оронд шүүмжлэлт дуу хоолойг нухчин дарах хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүллээ" гэж Эмнести Интернэшнл байгууллага онцлов.

Урвалтын эсрэг зогссон нь

Колумбийн засгийн газар татвар нэмэх шийдвэр гаргасны улмаас хүмүүс эсэргүүцэн гудамжинд жагсав. Амьжиргаанд нь сөргөөр нөлөөлөх шинэ хуулиудыг Энэтхэгийн тариачид эсэргүүцэв. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа уугуул иргэд, залуу идэвхтнүүд уур амьсгалын хямралын эсрэг арга хэмжээ авахыг удирдагчдаас шаардав. Эмнести Интернэшнл зэрэг иргэний нийгмийн байгууллагууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр тогтвортой, эрүүл, цэвэр орчинд амьдрах эрхийг хүлээн зөвшөөрүүлэх үйл ажиллагааг амжилттай явууллаа.

Хятадын Шинжаан бүс нутагт албадан хөдөлмөр эрхлүүлсэн Nike, Patagonia, C&A зэрэг үндэстэн дамнасан компаниудын эсрэг төрийн бус байгууллагууд стратегийн зарга үүсгэв.

Эмнести Интернэшнлийн техникийн тусламж дэмжлэгтэйгээр 80 гаруй
сэтгүүлчийн хамтарсан Пегасус төсөл Израилийн NSO группын тагнуулын программыг Саудын Араб, Унгар, Морокко, Руанда, Азербайжаны төрийн тэргүүн, идэвхтнүүд, сэтгүүлчдийн эсрэг ашигласан болохыг илрүүлсэн нь хамтын ажиллагааны тод жишээ болсон.

Иргэд эрх тэгш байхыг шаардаж байна. Хэрэв засгийн газрууд өмнөхөөс илүү сайнаар сэргээн босгохгүй, эвдэрч сүйрсэн өнгөрсөн рүүгээ ухрах, бидний дуу хоолойг хумихыг оролдвол бид тэмцэж, амлалтаасаа буцсан, урвасан бүхний эсрэг зогсоно. Бид эвлэлдэн нэгдэх, эв санаа нэгтэй байх, эсэргүүцлээ илэрхийлэх эрхийг хүндэтгэхийг шаардсан кампанит ажлаа эхлүүлж байна” хэмээн Эмнести Интернэшнл онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ

ТА АРАЙ? 2024.02.16