МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Жендэрийн тэгш байдал бол маш чухал үнэ, цэнтэй юм
2022.03.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Д.Сарангэрэл: Жендэрийн тэгш байдал бол маш чухал үнэ, цэнтэй юм

Монгол Улс нь жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчин бүрдүүлэх, үр ашигтай үндэсний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр ахиц дэвшил гаргаж, Монгол Улсын Их Хурлаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд баталсан. Хууль баталсны 10 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран өнөөдөр (2022.03.29) “Хуулийн хэрэгжилт, ач холбогдол, цаашдын үр нөлөө” сэдэвт онол практикийн бага хурлыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Тус хуралд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл үг хэллээ.

Манай улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээрээ 159 орноос 69-т явж байна. Энэ бол гайгүй үзүүлэлт, ямар ч байсан 2 оронтой тоон дээр явж байна. Өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхэд олон хүний хүчин зүтгэл нөлөөлсөн. Ер нь жендэрийн тэгш байдал маш чухал үнэ цэнтэй. Аливаа улс орон тэнцвэртэй хөгжихөд хүйсийн тэнцвэртэй байдал маш чухал. Энэ бол амбицтай эмэгтэйчүүдийн албан тушаалд хүрэх гэсэн хандлагаас маш өөр зүйл. 2011 онд хууль батлагдсанаас хойш 10 жил болж, үр дүнгээ ярилцаад сууж байна гэдэг маш том ололт юм.

Монгол улс бусад улс орноос 69-р байранд ороход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа. Үүнд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай биш байна. Өнөөдөр УИХ-д 13 эмэгтэй улстөрчид бий. Энэ нь нийт гишүүдийн 17,1 хувийг эзэлж байгаа. Азийн дундаж 21, дэлхийн дундаж 25 хувьтай байдаг. Өнөөдөр бид Ази тив дэх дундаждаа ч хүрээгүй байна. Үүн дээр анхаарах ёстой, шинэ дэвшил хэрэгтэй.

Мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр анхаарах цаг болсон. Эмэгтэй бизнес эрхлэгчдийн асуудал дээр анхаарал хандуулж, өмчийн тэгш хэвиарлалтан дээр анхаарч, бизнес эрхлэх боломж олгох ёстой. Эмэгтэйчүүд сонгуульд оролцоход санхүүгийн асуудал тулгардаг. Сүүлийн үед эдийн засаг, нийгмийн асуудлыг жендэрийн мэдрэмж, төлөвлөлтгүй гаргаж байгаа гэсэн шүүмжлэлд өртөж байгаа. Нэг хүйс давамгайлсан шийдвэрээс зайлсхийх зэрэг олон асуудал байна. Иймд ирэх 10 жилд хамтын хүчээр жендэрийн тэгш байдал дээр дахин шинэ дэвшил гаргах хэрэгтэй юм.

ШИНЭ МЭДЭЭ