МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухай  хэлэлцлээ
2022.03.31
Улстөр

Хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухай хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.03.30) хамтарсан хуралдаан 17 цаг 12 минутад гишүүдийн 52.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ.

Хуралдааныг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат даргалсан бөгөөд хэлэлцэх асуудлыг танилцуулахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114.3-т Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явцтай нэгтгэн гаргасан тайланг Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17.1-д заасны дагуу хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл бусад Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж санал, дүгнэлтээ хүргүүлж болно гэж заасныг тодотгож байлаа.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5 хувийн (өссөн дүнгээр 19.5 хувь) хэрэгжилттэй байна. Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр тодорхойлбол, КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88, хүний хөгжлийн бодлого 78.5, эдийн засгийн бодлого 70.9, засаглалын бодлого 76.6, ногоон хөгжлийн бодлого 65, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн хэрэгжилттэй байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлоод Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд есөн зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй байна гэж байлаа.

Мөн тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнээс дурдсан. Тухайлбал, Засгийн газраас цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг хариуцан төлж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100.0 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэв. Иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгов. Хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд 69.8 хувь, хоёрдугаар тунд 66.8 хувь, гуравдугаар тунд 31.6 хувь, дөрөвдүгээр тунд 3.4 хувийг хамруулж, цар тахал эхэлснээс хойш нийт 36360 Монгол иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг зохион байгуулсныг дурдав.

Түүнчлэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгосон гэв.

2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулав. Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар өргөтгөж, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу Толгой төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон. Мөн гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлж, цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсныг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Монгол Улс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрөөж, бусад бүх цаг хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байлаа. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газрууд үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг Б.Жавхлан сайд танилцуулгадаа онцлов.

Үргэлжлүүлэн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Үйлдвэржилтийн бодлогын болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар тус тус танилцууллаа.

Хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүд болон холбогдох яам, агентлагын удирдах албан тушаалтнууд оролцсон.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, С.Чинзориг, М.Оюунчимэг, Ц.Цэрэнпунцаг нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хүн амыг хүүхдийн тооноос хамаарч татварын бодлогоор дэмжих, үндэсний баялгийн сан байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хэрэгжилтийн явцын талаар илүүтэй тодруулж байлаа.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамтай хамтран Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газар өргөн барьсан. Гэсэн хэдий ч Хөгжлийн банк, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг бусад асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлага гарсан тул хойшлуулсан. Хуулийн төслийн гол агуулга нь Үндэсний баялгийн санг Ирээдүй өв сан, Хөгжлийн сан гэсэн хоёр сангаас бүрдүүлэхэд чиглэсэн. Хуулийн төслийн хүрээнд Ирээдүй өв санд ямар нэг өөрчлөлт оруулаагүй. Хөгжлийн сан нь уул уурхай, эрдэс баялгийн салбарын төрийн өмчит компаниудыг нэгтгэсэн эдгээр компаниудын засаглал, менежментийг сайжруулах замаар ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлнэ. Мөн уул уурхай, эрдэс баялгийн салбарын дэд бүтцийн эдийн засгийн үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, Үндэсний баялгийн сан зөвхөн зарцуулдаг биш тодорхой хувь нь нэмэгдэж, арвиждаг байхад чиглүүлсэн гэдгийг салбарын сайд Г.Ёндон хариултдаа онцолсон.

Мөн Ажлын хэсгийн зүгээс, хүүхдийн тооноос хамаарч татварын хөнгөлөлт үзүүлэх зорилт нь нийгмийн дундаж давхаргыг хадгалах, шаардлагатай нөхцөлд өргөжүүлэх арга хэрэгсэл гэж олон улсад үздэг учраас үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан. Энэ хүрээнд Нийгмийн халамжийн тухай хууль, Хүн амын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Үүнтэй холбогдуулан тодорхой тооцоолол, судалгааг хийж байна гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо

ШИНЭ МЭДЭЭ