СЕХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахад бэлэн
2021.06.08
Улстөр

СЕХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахад бэлэн

Маргааш болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалтын автоматжуулсан систем бэлэн, бэлтгэл ажил хангагдсаныг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран сэтгүүлчдэд мэдээллээ.

Улсын хэмжээнд 2641 даамал санал тоолох төхөөрөмжийн дүн дамжуулалтыг хариуцаж байна. Сонгуулийн санал хураалт дуусмагц, эхлээд санал тоолох төхөөрөмжийн дүнг дамжуулна. Дараа нь хуулийн дагуу ямар нэгэн завсарлага, гарах, орох хөдөлгөөн хийхгүйгээр саналын хуудсыг гараар тоолно. Санал тоолох дүнтэй тулгаснаар сонгуулийн дүн баталгаажна. Төв сервэсээс төхөөрөмж рүү мэдээлэл шууд дамжуулснаар, сонгуулийн дүн дэлгэц дээр харагдаж, албан ёсны сайтад тавигдана гэж СЕХ-ноос хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотод өнөөдөр сонгуулийн 457 хэсгийн хорооноос 3-4 баг 9.00-20.00 цагт зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч байна. Энд хэсгийн хорооны 3200 орчим ажилчид, 1600 тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байгаа.

Улсын хэмжээнд 25 619 хүний санал авна. Ердийн нөхцөлөөр буюу халдвар аваагүй, санал хураах байранд ирэх боломжгүй 18 мянга орчим иргэн байгаа аж. Цар тахалтай холбоотой улаан бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагч, гэрээр болон эмнэлэгт тусгаарлагдсан 7051 хүний нэрсийн жагсаалт гарган, хуулийн хугацаанд буюу энэ сарын 2-нд, тусгаарлалтад байгаа хүмүүсээс энэ сарын 5-нд санал авчээ.

Гадаадад байгаа сонгогчдын саналыг 30 оронд 45 дипломат төлөөлөгчийн газарт салбар комисс байгуулан, тавдугаар сарын 30-31-нд санал авсан. Нийт 7398 хүн бүртгэснээс  5618 хүн санал өгсөн нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцтэй харьцуулахад иргэд идэвхтэй оролцжээ.

Тэрбээр, “Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хорь гаруй удаа хуралдаж, гучаад журмыг шинэчлэн найруулж, өөрчлөлт оруулж баталлаа. Энэ удаагийн сонгууль олон онцлогтой. Хуульд өөрчлөлт орсноор сонгуулийн саналыг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолж дүн гаргахаас гадна, гараар хяналтын тооллого хийнэ. Саналаа өгсөн бэхэн тэмдэглэгээ тавина. Мөн цар тахлын үед зохион байгуулж байна. 2020 оны УИХ, орон нутгийн сонгуулийг онцгой нөхцөл байдалд хийсэн ч дотоодод халдвар тараагүй, харьцангуй гайгүй байсан. Энэ үед коронавирусний халдвар авч тусгаарлагдсан, улаан бүсэд байгаа ажилчдын сонгох, сонгогдох эрхийг хангахад анхаарч байна” гэлээ.

“СЕХ цаашид сонгуулийн хуулийг боловсронгуй болгож, гадаадад байгаа иргэд, уул уурхайчид, байнгын хөдөлгөөнд байдаг оюутнуудыг цахимаар саналаа өгөх боломж олгоё гэж дүгнэлээ" хэмээгээд, 2024 оны сонгуулиас өмнө сонгогчдоо цахимаар санал өгөх боломж олгох ёстойг П.Дэлгэрнаран онцлов.

Сонгуулийн бэлтгэл ажилд 2087 хэсгийн хороонд 18 146 төрийн албан хаагч ажиллаж байна. Тодруулбал, 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн хороодтой нийлээд 20 мянга гаруй албан хаагч, цагдаагийн 9 мянга, эрүүл мэндийн байгууллагын 1300 ажилтан дайчлагдаж, эмнэлгийн 60 туслах баг зөөврийн санал асуулгад оролцож байгаа аж.