НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Хүний хөгжлийн хорооны гишүүд Нийслэлийн ЭМГ-т ажиллалаа
2022.04.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүний хөгжлийн хорооны гишүүд Нийслэлийн ЭМГ-т ажиллалаа

Нийслэлийн ИТХ дахь Хүний хөгжлийн хорооны гишүүд өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газарт ажиллалаа. Тус газар чиг үүргийнхээ хүрээнд нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг газрын дарга Б.Бямбадорж өгөв. Нийслэлийн хэмжээнд 129 өрхийн эрүүл мэндийн төв, 25 салбартай ажиллаж байна. Өнгөрсөн жилийн байдлаар эдгээр төвд 40.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Мөн өрхийн эмнэлгүүдийн 97 нь өөрсдийн автомашинтай бол 85 хувь нь зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаг байна.

Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяанд нийслэлийн түргэн тусламжийн төв, 1 дүгээр төрөх, дүүргүүдийн эрүүл мэндийн төвүүд, Энэрэл эмнэлэг... зэрэг байгууллагууд хамаардаг. Харин тус газраас түргэн тусламж очих хугацааг 20 минутаас бууруулах зорилтын хүрээнд салбар дундын буюу цагдаа, онцгой...зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах схемийг бий болгохоор зорьж байгаа аж.

Мөн хотын түргэн тусламжид нисдэг тэрэг ашиглах боломжийг бий болгох, парк шинэчлэлийг хийх шаардлага байгааг газрын дарга Б.Бямбадорж хэлсэн юм. Мөн түргэн тусламжийн дуудлагыг эрэмбэлж, зөвлөгөө мэдээлэл өгөх, өрхийн эмнэлэгт хуваарилах, зайлшгүй түргэн тусламж очих гэсэн зохицуулалт хийхээр ажиллаж байгаа аж. Энэ нь нэн шаардлагатай тусламж хүндээ түргэн хүрдэг байх нөхцөлийг бий болгоно хэмээн тооцож байгаа юм. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газраас эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлж, чадавхжуулах, нийгмийн баталгааг хангахад онцгойлон анхаарч байгаа аж. Тиймээс энэ чиглэлд нийслэлийн удирдлагаас шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхийг Хүний хөгжлийн хорооны гишүүдээс хүссэн юм.

Түүнчлэн өнгөрсөн оноос эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжих механизм үйлчилж эхэлсэн. Гэвч нэгдсэн эмнэлгүүд болон хувийн томоохон эмнэлгүүдтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүд өрсөлдөх боломжгүй байгааг тус газрын дарга Б. Бямбадорж тайлбарлаж байлаа. Учир нь коронавируст цар тахал дэгдсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дүүргүүд тоног төхөөрөмжөө сайжруулж чадаагүй. Тиймээс санхүүжилтийн гарааны тэгш боломжийг дүүргүүдийн эмнэлэгт олгох үүднээс 89 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэх шаардлагатайг тэрбээр тайлбарлалаа.

Энэ үеэр Хүний хөгжлийн хороон дарга, төлөөлөгч П.Наранбаяр иргэдийн амны хөндийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулахыг хүсээд, хотын төвөөс халдвартын эмнэлгийг нүүлгэх боломжийн талаар тодруулсан юм. Мөн Төлөөлөгч Б.Мягмар Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөс Нийслэлийн эрүүл мэндийн газар зарим асуудлаа шийдвэрлүүлж чаддаг эсэхийг асуулаа. Тус сан нь архи, тамхины онцгой албан татвараас бүрддэг байна. Харин Төлөөлөгч Н.Баярчимэг Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамтай уялдаа холбоогоо сайжруулахыг сануулсан бол, Төлөөлөгч Г.Гангамөрөн дүүргийн эмнэлгүүдэд халдвартын тасаг байгуулах зайлшгүй шаардлагатайг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ