Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2022.04.06
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.04.06/ хуралдаан 12.10 цагт эхэлж, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хуулийн төслийн талаар танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр “Засгийн газарт чиглэл өгөх тухай" 59 дүгээр зарлиг гарган ойн салбарын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулахыг Засгийн газарт чиглэл болгосны дагуу Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны байгууллагын ажил үүрэг оновчтой, уялдаатай байх, иргэн, хуулийн этгээдийн ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагаас олгох эрх, зөвшөөрлийн тоог бууруулах шинэчлэл хийх зорилгоор боловсруулсан гэлээ. Хуулийн төсөлд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг яамны эрхлэх нийтлэг асуудалд нийцүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, ойн талаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох, ойн үр, үрийн нөөцийн сан бий болгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийг хэрэгжүүлснээр монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдэж, 2030 он гэхэд нийт газар нутгийн 9 хувьд хүргэх ногоон хөгжлийн зорилго хангагдана хэмээн үзэж буй бөгөөд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдсэнээр нүүрсхүчлийн хийн шингээлт нэмэгдэж, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад үзүүлэх эерэг нөлөө үлэмж ихэснэ гэж сайд хэллээ.

Ойн үрийн аж ахуйг судалгаа шинжилгээнд тулгуурлан, бодлого чиглэлтэй хөгжүүлснээр шилмэл сортын ойн үрийн сан бүрдүүлэх, улмаар ойжуулах, ойг нөхөн сэргээх ажилд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ.

Төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгодог тогтолцоог өөрчилж магадлан итгэмжлэлд хамрагдан зохих шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага нь ойн аж ахуйн үйл ажиллагааг эрхэлж болох зохицуулалт хийсэн байна. Энэ нь иргэн, хуулийн этгээдэд учрах хүндрэл бэрхшээлийг арилгаж, төрийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг бууруулж, төрд итгэх олон нийтийн итгэл нэмэгдэнэ гэж үзжээ.

Модлог ургамлын үр, үржлийн материалын асуудлыг хуульд тусгайлан заасан бөгөөд ойн үрийн гарал үүсэл, чанар, үрийн улсын нөөцийн сан, үрийн удмын сангийн хадгаламж байгуулах, судалгаа туршилтын лаборатори ажиллуулах эрх хэмжээг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, ойн сав газрыг хариуцсан орон нутгийн байгууллагууд, нөхөрлөлүүд байдаг. Тэдэнтэй ямар хэмжээнд хамтарч ажиллаж байгаа вэ. Самар түүхийг хориглох нь зүйтэй гэсэн санал сүүлийн үед их гарч байна. Самар түүж байгаа зургуудыг харахад нүд халтирмаар байдаг. Самрыг нь түүх гэж модыг мунаар хүчтэй цохисноос тэр мод хэдэн жилдээ үр самараа өгдөггүй гэж сонссон. Энэ талын судалгаа байгаа юу. Унасан, хөгширсөн модыг цэвэрлэх ажил ямар шатанд яваа вэ. Үүнийг ашиглах тал дээр ямар бодлого барьж байна вэ хэмээн асуусан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, улсын хэмжээнд 1235 ойн нөхөрлөл 3.5 сая га ойн санг эзэмшиж, хамгаалж байгаа. Ойн нөхөрлөлүүд 22167 гишүүнтэй. Тэдний 8444 нь эмэгтэйчүүд байна. Ойн нөхөрлөлүүд нутгийн иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан бөгөөд Ойн тухай хуулиар ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх гэсэн тодорхой эрх, үүргүүд хүлээдэг. Цаашдаа ойн нөхөрлөлийг ямар хэмжээнд ажиллуулах талаар Ойн стратеги төлөвлөгөөндөө тусгахаар ажиллаж байна. Стратеги төлөвлөгөөндөө хаягдал ойг цэвэрлэх дахин ашиглах, нөхөн сэргээх менежментийн тогтолцоог зайлшгүй авч үзэх шаардлагатай гэж харж байгаа. Өнөөдрийн хувьд тусгай зөвшөөрлөөр тодорхой хэсэг аж ахуйн нэгжүүдэд ойг цэвэрлэх, нөхөн сэргээх зөвшөөрлийг олгож байгаа. Цаашдаа хаягдал модыг ашиглах, ойг сэргээхтэй холбоотой асуудлыг менежментийн тогтолцоонд оруулах шаардлагатай гэж гэж үзэж байгаа.

Самрын хувьд хүнд байгаа. Өнөөдөр хуш мод монгол орны ойн сангийн таван хувийг эзэлж байна. 2015-2021 онд самар түүж олсон орлогоос 33 орчим тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байдаг. Экспортын орлогоос 68 орчим тэрбум төгрөг төсөвт орсон. Зургаан жилд 100 орчим тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн байна. Гэхдээ самар түүх хугацааг буруу тооцон зөвшөөрөл олгосноос болц гүйцээгүй самрыг унагаах гэж хүнд мунаар цохин, модны гаднах холтсыг ховхолсноос тэр мод үр самраа боловсруулах гэж биш өөрийгөө нөхөн сэргээхээр хамаг шим тэжээлээ зарцуулах болдог. Үүнээс болж үр самараа өгөх хугацаа 2-3 жилээр хойшилдог. Бид саяхан орон нутагт ажиллаад ирсэн.

Их хуурайшилтай байна. Түүнчлэн самар түүхийг хориглоогүй болохоор дээрээс ажиглахад отоглосон цэгүүд олноор байгаа нь харагдсан. Тэр отогууд өдрийн 150 мянган төгрөгөөр хүмүүсийг цалинжуулж ажиллуулдаг юм байна. Самрын экспортыг хориглох нь зүйтэй гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүнээс, самрын экспорт эрхэлдэг зарим компаниуд, ТББ-аас ирүүлээд байгаа гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Энэ жил тарих модны тарьц, суулгац хэр хангалттай байгаа вэ. Хэрэв байхгүй бол гаднаас авах уу хэмээн лавласан.

Сайд Б.Бат-Эрдэнэ, 2022 онд тарих 23.6 сая суулгац байгаа. Бид жилдээ 130 сая суулгац нийлүүлж байж 2030 онд тэрбум мод тарьсан амжилтад хүрч чадна. Бидэнд цаашид бэлтгэх, төлөвлөх ажил байна. Мод үржүүлгийн газар байгуулах, худаг байгуулах гэх мэт. Энэ жил навчит мод, говийн бүсэд заг гэх мэт унаган ургамлыг тарихаар төлөвлөж, үрийг өөрсдөө түүн бэлтгэхээр төлөвлөж байгаа. Зарим шилмүүст модны үрийг ОХУ-ын хил залгаа нутгаас авахаар хэлцэл хийгдэж байгаа. Ер нь гаднаас модны үр, тарц суулгац оруулж ирэхийн тулд 2-3 жилийн судалгаа хэрэгтэй байдаг гэж хариулсан юм.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо

ШИНЭ МЭДЭЭ