УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Монголчууд спортлог ард түмэн болох ёстой
2022.04.13
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Монголчууд спортлог ард түмэн болох ёстой

Монголын дугуйчид Тажикистан Улсад зохион байгуулсан Азийн АШТ-д амжилттай оролцож, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, түүхэн амжилтаа шинэчилсэн. Мөн монгол дугуйчид 2024 оны Парисын олимпод оролцох эрхээ баталгаажуулаад байгаа юм. Бид энэ талаар УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэгийг “Улстөржөөгүй яриа” буландаа урьж, ярилцлаа.

-МОНГОЛ ДУГУЙЧИД ТҮҮХЭН АМЖИЛТАА ШИНЭЧИЛЛЭЭ-

-Юун түрүүнд Монголын дугуйчид түүхэн дээд амжилтаа шинэчилсэнд баяр хүргэе. Азийн АШТ-д амжилттай оролцоод ирсэн тамирчдаа Монголын дугуйн холбооныхон унадаг дугуйтай парад зохион байгуулж, хүлээж авсан. Тэр үед ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Баярлалаа. Цар тахалтай холбоотойгоор 2020-2021 онд Азийн АШТ-ийг зохион байгуулаагүй. Улмаар Монголын дугуйчид цар тахлын үед зохион байгуулж байгаа анхны Азийн АШТ-д амжилттай оролцож, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, Монголын дугуйн спортын түүхэн дээд амжилтыг шинэчиллээ, баяртай байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээнийг жил болгон зохион байгуулдаг. Цар тахлаас болоод 2020-2021 онд зохион байгуулагдсангүй. Хоёр жил хүлээгдсний эцэст Азийн АШТ маань Тажикистан Улсад зохион байгуулагдаад, дугуйчдын хувьд маш хүсэн хүлээсэн Азийн аварга байлаа. Урьд бид Азийн АШТ-д орохдооо Монголдоо хүнд нөхцөлд бэлдэж байгаад явдаг байсан. Бид нар 2024 оны олимпоос эрх авахын тулд мэргэжлийн багийг анх удаа байгуулсан. Тэр утгаараа бид нар, Туркт Азийн аваргад орохын өмнө тэнд цуврал тэмцээнд ороод, тэнд бэлтгэл сургуулилалт хийгээд, хоёр сар бэлтгэл хийгээд 17 тэмцээндээ оролцоод ингээд Азийн аваргад орсон учраас бид нарт маш их дэм, дэмжлэг болсон. Урьд урьдын Азийн аваргад үзүүлсэн амжилтыг тооцохыг бол манайх дээд тал нь хоёр медаль авч байсан. Энэ удаад хоёр мөнгө, гурван хүрэл медаль авлаа. Азийн АШТ-ээс таван медаль хүртсэн нь манай орны хамгийн дээд амжилт болж байна.

Бөөн гараатай 170к м анх удаагаа хүрэл медаль авсан. Энэ бол бас бид нарын хамгийн том амжилт. Дэлхийн мэргэжлийн багт уралддаг том тамирчид ирж оролцож байгаа тэмцээн учраас бидний том амжилт байлаа. Азийн аваргын хамгийн хүндрэлтэй асуудал бол зардал мөнгөний асуудал байсан. Тэр нь дээр тусалсан спонсорууд ялангуяа БС-ын улсын хороо, Ерөнхийлөгч маань энэ дээр санхүүгийн маш том дэмжлэг үзүүлсэн. Ивээн тэтгэгч байгууллагууддаа талархал илэрхийлье. Манай багийн тамирчид жигд түвшинтэй байсан. Найман тамирчнаас багт хэн нь гүйх, бөөн гараатайд хэн нь гүйх юм гээд тамирчдын сонголтод дээр маш их хэцүү байсан. Тэр нь дээр бид нэлээн ярилцаж, гарааны өмнөхөн цагийн өмнө хуралдаад эцсийн шийдвэрийг гаргасан. Тэр шийдвэр маань маш зөв шийдвэр байсан учраас энэ амжилтыг үзүүлсэн байх.

-Монголын дугуйн спортын түүх 1964 оноос эхлэх арвин түүхтэй ч, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, Монголын дугуйн холбоог татан буулгаж байсан. Энэ удаагийн Азийн АШТ-д оролцсон тамирчдыг бэлтгэлийг хэрхэн базааж, үдэж өгсөн юм бэ?

-Монгол Улс 1964 оны Токиогийн олимпоос эхлэн зуны олимпод амжилттай оролцож ирсэн арвин түүхтэй. Харин 1990-ээд оны шилжилтийн үед дугуйн спортын холбоог татан буулгасан байдаг. Түүнээс хойш дугуйн спортын дэмжих төр засгийн бодлого, санхүүгийн туслалцаа хязгаарлагдсаны улмаас Монголын дугуйчдын амжилт ч буураад байв.

Азийн АШТ-д зориулан манай дугуйн спортын тамирчид хоёр жилийн турш тасралтгүй бэлтгэл хийсэн. Мөн тэмцээн эхлэхээс өмнө мэргэжлийн дугуйн шигшээ багийн тамирчдаа Турк Улсад хоёр сарын хугацаанд бэлтгэсэн.

-Та хэзээнээс дугуйн спортоор хичээллэж, хэрхэн энэ спортод дурлаж байв?

-Би бага байхдаа хөнгөн атлетикийн тамирчин байсан. Улсын өсвөрийн шигшээ багт ч орж явлаа. Харин хуучнаар “Хоршоолол нийгэмлэг”-т манай хөнгөн атлетикийн тамирчид дугуйн спортын тамирчидтай хамт байрлаж, бэлтгэл, сургуулилт хийдэг үеэс хамгийн анх шууд л мэргэжлийн дугуй унаад сурчихсан. Биднийг бага байхад унадаг дугуй тэр бүр олдохгүй. Унадаг дугуйтай хүүхэд ч ховор байсан. Тэр болгон унадаг дугуй унах боломж олдохгүй явсаар дугуйн соёл хөгжсөн Герман Улсад очсон юм. Германд сурч байхдаа оюутны байраасаа сургууль хүртлээ унадаг дугуйгаар явдаг байлаа.

-УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш ажилдаа дугуйтай ирэв үү?

-УИХ-ын гишүүн болсноосоо хойш нэг ч удаа ажилдаа дугуйтай ирсэнгүй. Төрийн ордны журамд Төрийн ордон руу спорт, чөлөөт хувцастай хүн нэвтрүүлэхгүй гэж тусгасан байдаг. Өмнө нь ч дулааны цагт ажилдаа дугуйтай ирж, оройдоо буцаад л дугуйтай явдаг байсан юм.

-Амралтын өдөр тань хэрхэн өнгөрдөг вэ. Ажилдаа, ар гэртээ цаг гаргахаас гадна өөрийн сонирхол, дуртай зүйлээ хийх гэхээр зав, чөлөөгүй байх үе их гардаг болов уу?

-Гурван хүүхэдтэй эх хүн хувийн ажил, ар гэр, өөрийн сонирхлоо зохицуулах нь үнэхээр хүндрэлтэй асуудал. Манай орны эмэгтэйчүүд энэ бүх зүйлийг чадахаараа зохицуулж, өөрийгөө ч золиосолж байж л амжилтад хүрдэг. Манай тамирчин эмэгтэйчүүд маш их ачаалал үүрч явдаг.

Амжилтад хүрсэн эмэгтэйчүүдээс үлгэр дуурайлал авч, би ч тэдний нэгэн адил бүх ажлаа л амжуулж, зохицуулахыг боддог. Амралтын хоёр өдрийн нэг өдрийг нь тусгайлан сонгож, хот дотроо, зарим үед хотоос гарч, дугуйн аялал хийнэ. Үдээс хойш хүүхдүүдээ харж, гэр бүлээрээ салхинд гардаг. Харин УИХ-ын чуулган, Байнгын хороо эд хуралдаж, гол хуулиуд хэлэлцэж байх үеэр Ажлын хэсгийн хурал 22:00 цаг хүртэл үргэлжилдэг. Тийм үеүдэд манай гэр бүлийн хүн, том хүү маань л гэрээ хардаг даа.

-60 НАСТАЙГАА ЭХЭЛЖ, ДУГУЙН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭСЭН МОНГОЛ ЭМЭГТЭЙ ШИНЭ ЗЕЛАНДЫН БҮСИЙН НААДАМД ХОЁР ЖИЛ ДАРААЛАН МЕДАЛЬ ХҮРТСЭН-


-Монголын дугуйчид 2021 оны дэлхийн чансаанд эхний 50-д орсон амжилт үзүүлсэн. Энэ онд дэлхийн чансаанд байр ахихын тулд ямар зорилго, зорилт тавин ажиллаж байна вэ?

-2021 оны Азийн чансаанд Монголын дугуйчид гуравдугаар байрт жагссан. Энэ онд Азийн чансааны нэг, хоёрдугаар байр руу ахих боломжтой. Мөн Монголын дугуйчид 2014 онд дэлхийн чансааны 70 дугаар байрт жагсаж байсан бол, 2021 оны дэлхийн чансааны 43 дугаар байрт жагсаж байна. Одоо монгол дугуйчдаа 2022 онд дэлхийн чансааны эхний 30-д оруулах зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улс далайн түвшнээс дээш 1500 метрийн өндөрт оршдог учир манай дугуйчид бусад орны тамирчдаас харьцангуй хүчилтөрөгч бага орчинд дасгал, сургуулилтаа хийдэг. Энэ нь Монголын дугуйчид Америк, Европт уралдахад давуу тал бий болгодог.

-Одоогийн байдлаар Монголын дугуйчид 2024 оны Парисын олимпод оролцох нэг эрхээ баталгаажуулаад байгаа. Ирэх зуны олимпын бэлтгэлийн төлөвлөгөө юу байх вэ?

-Өнгөрсөн 2021 онд Бельги Улсад зохион байгуулсан ДАШТ-д Монгол Улсыг төлөөлж оролцсон С.Жамбалжамц дэлхийн аварга болсон. Улмаар монгол дугуйчид ээлжит зуны олимпод оролцох нэг эрхээ баталгаажуулсан.

Олимпын эрх ирэх жилийн тэмцээний оноогоор шийдэгдэнэ. Сүүлийн гурван жилийн үзүүлэлтээр Монгол улс эхний топ 50-д багтаж олимпийн нэг эрхийг бол одоогоор авч чадна гэж тооцоолж бгаа. Гэхдээ дараа жил бүх багууд олимпын эрхийн төлөө ширүүн өрсөлдөх тул бидэнд улсын болон санхүүгийн дэмжлэг маш их шаардагдах болно.

Манай холбооны дараагийн том тэмцээн “Tour of Langkawi” зургадугаар сард, Азийн наадам Ханжоуд есдүгээр сард, Дэлхийн аварга есдүгээр сарын сүүлээр Австралид болно.

-Монгол дугуйн спортод залуу, хойч үеэ дасгалжуулах олон сайн дугуйчин, багш, дасгалжуулагч бий. Дотоодын дугуйн спортын тэмцээнд ахмад тамирчид ч оролцдог. Харин Монголын дугуйн холбооноос ахмад тамирчидтайгаа хэрхэн хамтарч ажилладаг юм бэ?

-Монголын дугуйн УАШТ-д 70 гаруй настай ахмад тамирчид маань оролцдог. 1964 оны Токиогийн олимпод Монгол Улсаа төлөөлж оролцсон Я.Баатар дасгалжуулагч маань Монголын дугуйн холбоотой хамтарч ажиллан хойч, залуу үеэ дугуйн спортод бэлтгэж байгаа. Хамгийн сүүлд гэхэд Я.Баатар багшийн дасгалжуулсан А.Даваажаргал Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

Мөн Монгол Улсын хэмжээнээс гадна гаднын оронд байгаа монголчууд маань ч дугуйн спортын тэмцээн, уралдаанд амжилттай оролцож байна. 60 гаруй настайгаа эхэлж дугуйн спортоор хичээллэсэн Цэцэгмаа эгч Шинэ Зеланд Улсад зохион байгуулсан бүсийн тэмцээнд хоёр жил дараалан хүрэл медаль хүртсэн амжилттай яваа. Цэцэгмаа эгч бол дугуйн спортод нас хамаарахгүй гэдгийг амьдралаараа харуулж яваа мундаг эмэгтэй.

-Дугуйн спортын төрөл Монгол Улсын Үндсэн шигшээ багт багтдаггүй. Гаднын томоохон уралдаан, тэмцээнд оролцох зардлыг нь хаанаас гаргадаг юм бэ?

-Монгол Улсын Үндсэн шигшээ багт 50 гаруй дасгалжуулагч, 200 орчим тамирчин багтаж, төрөөс цалинжуулж байгаа. Гэхдээ энэ хангалтгүй. Мөн шинээр хөгжиж байгаа хотын гэх тодотголтой спортын төрлүүдийг дэмжих шаардлагатай.

Тажикистан Улсад болсон Азийн АШТ-д монгол дугуйчид маань иргэд, дугуйн спортыг дэмжигчдийн хандив, дэмжлэгээр явж ирсэн. Воллейболл, хоккей, сагсан бөмбөг, дугуй зэрэг багийн спортын төрөлд баг, тамирчдын цалин, хувцас, хэрэглэлийн зардлын өртөг өндөр тусдаг. Дугуй бол багийн спорт. Тийм учраас тив, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцоход нь бүрэн бүрэлдэхүүнээр нь дэмжих нь зүй.

-Сүүлийн жилүүдэд дугуйн спортоор хичээллэх, сонирхох иргэдийг тоо эрс нэмэгдсэн. Гэсэн ч нийслэл, орон нутгийн хэмжээнд дугуйн зам бага байгаагаас шалтгаалан дугуйчид автозамаар их зорчиж, авто осол гарах нь ч нэмэгдэж байна. Энэ асуудал дээрх таны байр суурь юу вэ?

-Цар тахлын үед улсын хэмжээнд дугуйн спорт мэргэжлийн болон сонирхогчийн түвшин эрчимтэй өсөж байна. Одоогоор нийслэлд 20 гаруй, 21 аймаг тус бүрд дугуйн клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Байгаль орчинд ээлтэй гэж үздэг учир дугуйн спортыг дэлхий дахинд “Green Bike” гэж нэрлэх нь бий. Дэлхийд, ялангуяа Азийн орнуудад унадаг дугуйг тээврийн хэрэгслийн зорилгоор их өргөн хэрэглэдэг. Мөн дугуйн таксины үйлчилгээ ч ихсэж байна.

Монголын дугуйчид, дугуй сонирхогчдод тулгарч байгаа хамгийн том бэрхшээл нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид дугуйчдаа хүндэлдэггүй байдал. Дугуйтай хүн замаар явж байхад жолоочид шахаж, үүнээс нь үүдэн унадаг дугуйтай хүнд бэртэж, гэмтсэн тохиолдол олон бий. Жолоочид дугуйчдадаа замаа хуваалцаж, зам гаргаж өгөх замын хөдөлгөөний дүрмээ баримтлах ёстой байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлд дугуйн замаар зорчих, дугуйн зам байхгүй тохиолдолд автозамын баруун гар талаар хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчих ёстой гэж заасан байдаг.

-Нийслэлийн хэмжээнд дугуйн замын хүртээмжгүй байдлаас шалтгаалан дугуйчид бэртэж, гэмтэх тохиолдол их гардаг юм байна. Тэгвэл энэ асуудал та УИХ-ын гишүүн болон Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгчийнхөө хувьд ямар шийдэл гаргаж байгаа вэ?

-Улаанбаатар хот 84.7 км дугуйн замтай. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн хэмжээнд 150 км стандартын шаардлага хангасан дугуйн замыг дөрвөн жилийн хугацаанд барьж, байгуулна заасан. Монгол Улсад дугуйн зам барьсан ч, дугуйн зам дээр автомашин зорчих, арчилгаа, цэвэрлэгээний шаардлагыг нь хангадаггүй сул тал бий. Тиймээс манай Монголын дугуйчдын холбооноос НЗДТГ-т дугуйн замын арчилгаа хариуцсан албан тушаал бий болгох тухай санал хүргүүлээд байгаа.

-Монголын дугуйн холбоо 2024 оны Парисын олимпод тамирчдаа бэлтгэхээс гадна өөр олон нийтийн хүрээнд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Монголчууд спортлог ард түмэн болох ёстой. Өвдсөнийхөө дараа биш, өвдөхөөсөө өмнө эрүүл мэндээ хамгаалах боломжийг нь гаргаж өгөх ёстой. УИХ дахь Боловсрол, шинжлэх ухаан, спортын Байнгын хороонд Биеийн тамирын тухай хуулийн хэрэгжилтийн хангах, хяналт тавих Ажлын хэсэг гарч, миний бие ахалж ажиллаж байгаа. Ажлын хэсгийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт 12 тогтоол хүргүүлсэн. Тус тогтоолд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах, нийтийн биеийн тамирыг дэмжих, бүх шатны сургалтын байгууллагын биеийн тамирын хичээлийг илүү боловсронгуй болгох зэрэг чиглэлээр ажиллаж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ