Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар салбарын сайд мэдээлэл хийв
2022.04.13
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар салбарын сайд мэдээлэл хийв

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Улсын Их Хурлаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тус хуулийн нэмэлт өөрчлөлтөөр усны нөөцийг бага бохирдуулбал бага, их бохирдуулбал их төлөх зарчмыг баримтлан хаягдал усаа стандартад нийцүүлэн цэвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг бодлогоор дэмжих асуудлыг тодорхой тусгаж өгсөн.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг дагалдан гарсан Засгийн газрын 1 тогтоол, Засгийн газрын гишүүдийн хамтарсан 4 тушаал, БОАЖ-ын сайдын 5 тушаал, усны чанарын 5 стандарт зэрэг 15 эрх зүйн баримт бичгийг мөрдүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, уг хуулийг даган гарах эрх зүйн баримт бичгүүд бүрэн батлагдсан гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдаад Улсын хэмжээнд 130 гаруй хаягдал ус цэвэрлэх байгууламж байгаагаас хэвийн ажиллагаатай 51, хагас ажиллагаатай 27, огт ажиллагаагүй 47 хаягдал ус цэвэрлэх байгууламж жилд 120 сая шоо метр хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байна. Цэвэрлэх байгууламжийн урсгал засвар хийгдэхгүй удаж, ашиглалтын горим хангахгүй, хаягдал усыг дамжин өнгөрүүлдэг цэг болж байгаагаас хөрс, ус бохирдох үндсэн нөхцөл болж байсан гэв.

Мөн тэрбээр мэдээлэлдээ, Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар Төв цэвэрлэх байгууламжаас 50,000 м3/хон усыг гүн боловсруулж III, IV ДЦС-ын техникийн хөргөлтөд ашиглахаар төслийг эхлүүлээд байна. Төсөл хэрэгжсэнээр Туул голын бохирдлыг бууруулахаас гадна өдөрт 50,000 м3/хон усыг дахин ашиглаж, жилдээ 17-18 сая м3 цэвэр усны нөөцийг хэмнэнэ гэж байлаа.

Салбарын яамны зүгээс Усны тухай болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай болон холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглах, эргүүлэн ашиглах бодлогыг дэмжих, үр ашигтай хэрэглээг төлөвшүүлэх, ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах болно гэдгийг Б.Бат-Эрдэнэ сайд онцлохын зэрэгцээ цаашид ус бохирдуулсны төлбөр тооцох тусгай программ хангамжтай болох, хаягдал усыг тоолууржуулах ажлыг эрчимжүүлэх, хаягдал усанд шинжилгээ хийх лабораториудыг итгэмжлэх, хамрах хүрээг өргөтгөн хаягдал усны стандартад заасан үзүүлэлтүүдийг бүрэн шинжлэх техникийн болон хүний нөөцийн чадавхыг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх, ус бохирдуулсны төлбөрт төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулах шаардлагатай байна гэж байлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Б.Саранчимэг, Ж.Батжаргал, Ц.Туваан, Г.Мөнхцэцэг, О.Цогтгэрэл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3.-т “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, байгууллагын санал, гомдол, мэдээлэл, эсхүл хяналт шалгалтын үр дүнг үндэслэн гаргасан Улсын Их Хурлын гишүүний саналыг харгалзан Байнгын хорооны хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлж болно” гэж заасны дагуу Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллуулахыг хуралдаанд оролцсон гишүдийн 69.2 хувь нь дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ