МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
2022.04.14
Эдийн засаг, Худалдаа

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Хуралдааны эхэнд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Тус хуулийн төслийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут танилцуулав.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулж асуух асуулттай гишүүн байгаагүй тул үргэлжлүүлэн Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, Эрдэнэсийн сан нь эрдэнэс худалдан авахад санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлтэй байх бөгөөд мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч баталдаг байхаар шинээр нэмж тусгасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн Эрдэнэсийн сангийн орлого нь иргэн, хуулийн этгээдээс төрд худалдсан, бэлэглэсэн, хандивласан, хууль тогтоомжийн дагуу шилжүүлсэн эрдэнэсээс бүрдэх, Соёлын өвийн тухай хуульд нийцүүлэн жагсаалтыг батлахдаа Эрдэнэсийн сангийн үндсэн санд оруулах түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн талаар Монголбанканд Засгийн газар санал гаргах, Эрдэнэсийн сангийн үндсэн сангаас эрдэнэсийг зөвхөн гадаадад худалдах, гадаадаас худалдаж авахаар байсныг гадаад, дотоодгүй худалдах, худалдан авахаар, Монголбанк эрдэнэсийг эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр хадгалах, түүнтэй холбоотой ажил, үйлчилгээг үзүүлж болохоор өөрчлөн найруулах санал бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Эрдэнэсийн сангийн үйл ажиллагаа, түүний орлого, зарлага нийтэд ил болж байгаатай холбогдуулан Засгийн газар үндсэн сангийн жилийн орлого, зарлагын хэмжээ болон гүйцэтгэлийн тайлантай танилцах заалтыг хасах, Монголбанкны бүрэн эрхийг тодорхой болгож, хуульд заасан үйл ажиллагааны дагуу худалдан авах үнэт металл, эрдэнийн чулууны сорьц тогтоох заалтыг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжив.

Үргэлжлүүлэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх саналын томьёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэлээ. Ингээд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут танилцуулахаар тогтов.

ШИНЭ МЭДЭЭ