Иргэдэд тоон гарын үсэг олгох ажил хялбар, шуурхай боллоо
2022.04.15
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Иргэдэд тоон гарын үсэг олгох ажил хялбар, шуурхай боллоо

2021 оны 12-р сарын 15-ны өдөр Цахим хөгжлийн багц хууль батлагдсан. Үүний нэг нь Цахим гарын үсгийн тухай хууль юм. Энэ 05-р сарын 01-ний өдрөөс Цахим гарын үсгийн хууль хэрэгжсэнээр иргэдэд иргэний цахим үнэмлэхээр болон клаудаар гэсэн хоёр төрлөөр тоон гарын үсэг олгохоор Улсын бүртгэлийн байгууллага төлөвлөн ажиллаж байна.

Ингэхдээ  Иргэний Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй 2 сая 270 мянга орчим иргэнд Улсын бүртгэлийн байгууллагын бүх нэгжүүдээр болон хилийн чанадад ажиллаж байгаа иргэд дипломат төлөөлөгчийн газраар, мөн Киоск машин гэсэн гурван нэгж болон технологоор дамжуулан тоон гарын үсэг олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тоон гарын үсэг олгох дэд бүтэц, программ хангамж, техник, тоног төхөөрөмж бүрэн хангагдсан. Тоон гарын үсгийг иргэний үнэмлэх дээр хэрхэн байршуулах тухай ажилчдын сургалтыг энэ сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Улсын бүртгэлийн байгууллагын ажилчид хамрагдаж байна. Энэхүү сургалт нь хамгийн сүүлийн шатны сургалт бөгөөд бүртгэлийн ажилчид сургалтад хамрагдаж дууссанаар тоон гарын үсэг олгох ажил бүрэн хангагдана гэж ойлгож болно.

УБЕГ-ын Иргэний Улсын Бүртгэлийн газрын дарга Т.Нармандах:

Иргэд тоон гарын үсэгтэй болсноор цахим орчинд өөрийгөө таниулж баталгаажуулаад, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, төрийн болон бусад байгууллагын бүх төрлийн үйлчилгээг авах, хэлцэл гэрээ хийх зэрэг үйл ажиллагаанд ашиглах бүрэн боломж нээгдэнэ.

Цахим гарын үсгийн хуулийг боловсруулахад олон орны туршлагыг харгалзаж үзсэн байна. Мөн Монгол Улсад энэ нь хэрхэн яаж хэрэгжиж болох, ямар байгууллага хэрэгжүүлбэл ач холбогдолтой байх судалгааны үндсэн дээр энэ хууль батлагдсан.

Монгол Улсын 16 нас хүрсэн иргэнд тоон гарын үсэг олгох ажлыг Улсын бүртгэлийн байгууллага зохион байгуулна гэж заасан бол гадаадын иргэн, харъяалалгүй хуулийн этгээдэд тоон гарын үсэг олгох ажлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд олгохоор заасан.

УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга П.Нэргүй:

Цахим гарын үсгийн хуулиар тоон гарын үсгийг иргэний үнэмлэхэд бичиж олгоно. Өөрөөр хэлбэл иргэний үнэмлэхний санах ойд тоон гарын үсгийн гэрчилгээний мэдээллийг байршуулна гэсэн үг.

Иргэний цахим үнэмлэхэд хэрхэн тоон гарын үсэг авах вэ гэвэл иргэд одоогийн хэвлэчихсэн байгаа цахим үнэмлэхээ аваад Улсын бүртгэлийн байгууллагын нэгж дээр ирээд, өөрийнхөө хувийн мэдээллийг өгч, өөрийн тоон гарын үсгийг баталгаажуулж авна. Иргэний пин код болон пук кодыг Е-Монголиа системээр дамжуулан мэдэгдэл болон и-мэйл хэлбэрээр хүргэнэ. Киоск машинаар дамжуулан иргэний цахим гарын үсгийг авахад пин болон пук кодыг утасны дугаар болон хувийн и-мэйл хаягаар мөн дамжуулан хүргэх юм.

ШИНЭ МЭДЭЭ