МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хямралын цаг үеийг эрсдэл багатай давах хуулийн төслийг баталлаа
2022.04.19
Эдийн засаг, Худалдаа

Хямралын цаг үеийг эрсдэл багатай давах хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг 2022 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр өргөн барьсан юм.

Энэхүү хуулийн төслийг /2022,04,06/-ны өдрийн УИХ-ын яаралтай горимоор хэлэлцүүлж /2022,04,15/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Дэлхий дахинд түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнийн өсөлт огцом нэмэгдэж байна. Тухайлбал, он гарсаар газрын тосны үнэ дунджаар 50 хүртэл хувь, улаан буудайн үнэ 40 хувь өсч, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас зарим хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнд хомсдол үүсэж, цаашлаад дэлхий даяар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул бодитоор нүүрлэснийг мэдэгдлээ. 

Далайд гарцгүй, эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрс, зэснээс, шатахуун, эрчим хүч нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай Монгол Улсын хувьд туйлын хүнд сорилт гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ч эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-оо төр, иргэн, аж ахуйн нэгжүүд бүх нийтээрээ идэвхийлэн хэрэгжүүлэх үүрэг та бидэнд ногдож байгаа тул тус хуулийг яаралтай хэлэлцэж батлахыг онцолсон юм. 

Харин дээрх хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

Бид арга хэмжээ авах нь зөв, гэхдээ цаашдаа онцгой нөхцөл байдал үүсэхэд төсөврүү дайрдаг, хэдэн сар болоод төсвийн тодотгол хийж, нөөцийн асуудал ярьдаг. Байж болохгүй. Манай улс онцгой нөхцөл байдал үүсэхэд эрх зүйн зохицуулалттай болох ёстой. Нийгэм, эдийн засгийн бүхий л цаг үед онцгой нөхцөл байдалд зохицуулсан ийм эрх зүйн зохицуулалт хийх хэрэгтэй юм. Энэ эрх зүйн зохицуулалт дотор нөөцийн тухай асуудлыг тусгайлан авч үзэж, төсөвт хүрдэггүй байх зохицуулалт оруулах ёстой. Одоо нөөцөө ашигла, цаашдаа нөөц бүрдүүл.

УИХ-ын гишүүн С.Чинзориг

Мөнгөний бодлого батлахдаа УИХ тодорхой заалт оруулж өгсөн. Бараа бүтээгдэхүүний хомстол үүсгэхгүй, үнийн өсөлт гаргахгүй байх хөтөлбөр боловсруулж хэрэглэх. Үүнд Монголбанк дэмжлэг үзүүлж ажиллана гэсэн УИХ-ын шийдвэр гарсан. Энэ хүрээнд Засгийн газар ямар арга хэмжээ авч ажилласан бэ. Мах, гурилын үйлдвэрт хөнгөлөлттэй зээл, татаас өгнө гэсэн байна. Уг нь үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсээ дэмжихгүй бол энэ ажил үр дүнд хүрэхгүй.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Эм тариан дээр хомстол үүсвэл яах вэ. Тариалангийн компаниудыг дэмжих хэрэгтэй. Украины асуудлаас болоод ирэх жил улаан буудайн хомстолд орно. Иймд газар тариалангийн компаниудын улаан буудайг нөөцөд аваад, түлш шатахуун болон тариалалтан дээр нь дэмжээд өгвөл, гаднаас аврал эрснээс дээр байх. Мөн хүнсний компаниудад валютээр зээл олговол дараа нь эрсдэлд орохгүй юу,үүнийг бодоорой,  ханшны эрсдэлд орж магадгүй юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Аж ахуй нэгжүүд Монголбанк, Засгийн газраас эргэлтийн хөрөнгөний асуудлаа шийдүүлж, санхүүгийн дэмжлэг авч бараа бүтээгдэхүүнээ импортоор оруулж ирээд, зохиомлоор үнэ өсгөж, хомстол үүсгэх вий. Үүн дээр тодорхой хуулийн заалт оруулж ирэх хэрэгтэй. Сайлаа бэлдэхээс саваа бэлд гэдэг. Нефтийнхээ агуулга савыг бэлдээрэй. Алт худалдаж авах тухай ярьж байна, хууль бус үйлдэл гарахаас сэргийлсэн заалт оруулаарай.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал

Шатахууны импортын асуудалд нөөцөө нэмэгдүүлэх ёстой. Хамгийн түрүүнд нэмэгдүүлэх ёстой нөөц бол дизель түлш. Уул уурхай, хөдөө аж ахуй, авто ачаа эргэлт зэрэг нь тэр чигтээ дизель түлшин дээр тулгуурлаж явдаг. Тиймээс дизель түлшний үнэ болоод нөөц хангалтыг нэмэгдүүлэх асуудлыг бид онцгой анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал бид энэ хүндрэлийг бага давах боломжтой болно.

Энэ хууль батлагдсанаар:

  • Нэгдүгээрт, Засгийн газраас мах, гурил, газрын тос болон бусад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах, нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаасыг төсвийн зохицуулалт хийх замаар шийдвэрлэх, үнэт цаас, баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг 5 хүртэлх хувьд зохицуулалт хийх, мах, гурил, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой байдлыг хангах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөрт шаардагдах хөнгөлөлтэй санхүүжилтийг олгох,
  • Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газраас Монголбанкинд валютын нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрхзүйн орчныг бий болгох, мөнгө болон сангийн бодлогыг нарийвчлан уялдуулж, хямралт нөхцөл байдлын үед нягт хамтран ажиллах болон зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татвартай холбоотой зохицуулалтыг Засгийн газар зохицуулах эрхзүйн зохицуулалтыг бүрдүүлэх,
  • Гуравдугаарт, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авах, олборлосон алтаа тухайн санхүүгийн жилдээ багтаан тушаах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчсөн этгээдэд хууль хэрэгжих хугацаанд хариуцлага ногдуулахгүй байх болон бусад шаардлагатай эрхзүйн зохицуулалтууд хийгдэж, Засгийн газар цаг алдалгүй хямралын мөчлөгийг сөрж, шуурхай ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Ийнхүү Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ