МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны тайлан болон хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцлээ
2022.04.19
Эдийн засаг, Худалдаа

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны тайлан болон хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцлээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.19) хуралдаан 14 цаг 10 минутад ирц бүрдсэнээр эхэллээ. Хуралдаанаар Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх гэсэн хоёр асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр 14-ний өдөр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, шийдвэрлэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хийв. Танилцуулгадаа, Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэгбүрчлэн тусгаж, төслийн эцсийн хувилбарыг бэлтгэлээ. Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу төслийн 6.1.3 дахь заалтыг дахин найруулж, “Засгийн газар Монголбанкны хүсэлтийн дагуу түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийг Эрдэнэсийн санд шилжүүлэх талаар шийдвэр гаргах” гэж тусгасан. Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр төслийн 15 дугаар зүйлийг өөрчлөн найруулах санал хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэгийг авч чадаагүй бөгөөд энэ саналыг “Иргэн, хуулийн этгээд нь эрдэнэсийн санд худалдах эрдэнэсийг сорьцын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар сорьц тогтоолгон баталгаажуулсан байх” гэж өөрчлөн найруулж, санал хураалгахад Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн төслийн 14.3 дахь хэсгийн “Тусгай хамгаалалттайгаар” гэснийг “энэ хуулийн 14.4-т заасан журмын дагуу” гэж өөрчлөх санал олонхын дэмжлэг авсан. Эдгээр саналтай холбогдуулан хууль хүчин төгөлдөр болох хугацааг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс байхаар тусгах санал мөн Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан гэлээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулж асуух асуулт, саналтай гишүүн байгаагүй тул үргэлжлүүлэн Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэлээ.

Ингээд Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулахаар тогтов.

Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Тайланг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцуулав. Танилцуулгадаа, Санхүүгийн зохицуулах хороо нь 2021 онд 9 газар, 4 хэлтэс, 4 алба, 163 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулсан. Санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 27 хууль, 111 дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангаж ажиллаж байна гээд Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоол буюу зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажил, мөн Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоол буюу Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажлын талаар танилцуулав. Мөн салбарын үзүүлэлтүүд, хөрөнгө болон даатгалын зах зээл, бичил санхүү дэх бодлого зохицуулалтын онцлох арга хэмжээнээс танилцуулсан. Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаа, тоон үзүүлэлтээс танилцууллаа. Түүнчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмжүүдийн дагуу хийсэн ажил, мөн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хийж буй ажлын талаар болон цаашдын зорилт, арга хэмжээтэй холбогдуулан хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар танилцуулсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Т.Доржханд. Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа Даатгалын тухай хуулийн төсөл, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг хэзээ өргөн мэдүүлэх талаар асуултандаа тодруулахад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хаврын чуулганы хугацаанд Засгийн газраас өргөн мэдүүлэхээр хуваарьт орсон талаар хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гаргахад Санхүүгийн зохицуулах хороо тэргүүлж ажилласан. Ирэх жил мөн тус байгууллагаас газар дээрх шалгалтыг манай улсад хийх тул тус шалгалт, үнэлгээний бэлтгэл ажлыг хангах чиглэлээр ажлаа сайн зохион байгуулах нь улсаа эрсдэлд оруулахгүй байх чухал ач холбогдолтой талаар санал хэллээ.

Төгсгөлд нь Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар Улсын Их Хурлаас баталсан хуулиудыг хэрэгжүүлэх тал дээр маш сайн санаачилгатай ажиллах талаар анхааруулж хэлэв.

ШИНЭ МЭДЭЭ