МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийг бууруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2022.04.20
Эдийн засаг, Худалдаа

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийг бууруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг, Т.Доржханд нар өнөөдөр (2022.04.20) өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сард баталснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Хууль зүйн яамнаас уг хуульд 2013 онд шинжилгээ хийсэн бөгөөд хуулийн зохицуулалт сул, зөвшөөрлийг тоог бууруулах, бизнесийн таатай орчинг бүрдүүлж, шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна.

2021 оны жилийн эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 534 байгууллага байна. Эдгээр банк бус санхүүгийн байгууллага нь 331 салбар нэгж, 8 төлөөлөгчийн газар, 3976 ажилтантайгаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 4.8 сая харилцагч, 1.7 сая зээлдэгчид хүрч үйлчилж байна. Банк бус санхүүгийн салбарын статистик үзүүлэлтүүд сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж, нийт харилцагчдын тоо 69.5 хувиар, зээлдэгчдийн тоо 112.9 хувиар, нийт актив 135 хувиар, зээл 151 хувиар тус тус өсжээ.

Монгол Улсын санхүүгийн салбарт тэр дундаа банк бус санхүүгийн салбарын хөгжил финтек буюу санхүүгийн технологитой салшгүй холбоотойгоор тодорхойлогдож байна. ББСБ-ын салбарт технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ хурдацтай нэвтэрч, 2021 оны эхний хагас жилийн байдлаар 28 банк бус санхүүгийн байгууллага дэвшилтэт технологид тулгуурлан финтек зээлийн бүтээгдэхүүн гаргасан байна.

Технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ бий болж, салбарын харилцагч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтыг татах, иргэдэд хүрэх санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа. Иймээс санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх замаар санхүүгийн зуучлалыг хөгжүүлэх, салбарын хөгжлийг олон улсын жишигт хүргэх, хяналтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгийг хуулийн төсөл санаачлагч гишүүд хэллээ.

Одоогийн хуулиар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн нэр бүхий 10 төрлийн үйл ажиллагаа тус бүр дээр тусгай зөвшөөрөл авахаар зохицуулсан байдаг. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эдгээр тусгай зөвшөөрлийг төрөлжүүлэн 4 болгохоор тусгасан байна. Ингэснээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчид 4 тусгай зөвшөөрлийн хүрээнд 11 төрлийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломжтой болно.

Мөн хуулийн төсөлд банк бус санхүүгийн байгууллагуудыг үйл ажиллагааны чиглэлээр нь Зээлийн банк бус санхүүгийн байгууллага, Хөрөнгө удирдлагын банк бус санхүүгийн байгууллага, Факторинг, Валют арилжаа гэх зэргээр ангилж, төрөлжүүлэхээр тусгасан байна. Ингэснээр банк бус санхүүгийн салбарын оролцогчдын санхүү, төлбөрийн чадвар сайжрах, хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж бүрдэхийг төсөл санаачлагчид онцоллоо.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх зүйн орчин бүрдэх, компанийн засаглалын ил тод байдал хангагдах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоо сайжрах, нэгдсэн хяналт шалгалтын тогтолцооны эрх зүйн орчин бүрдэх зэрэг олон давуу тал бий болох юм.

ШИНЭ МЭДЭЭ