Ц.Мөнхцэцэг: МҮОНРТ 750 ажилтантай байгаагаас 190 нь удирдлагын хэсэгт ажиллаж байна
2022.04.21
Хууль, эрх зүй

Ц.Мөнхцэцэг: МҮОНРТ 750 ажилтантай байгаагаас 190 нь удирдлагын хэсэгт ажиллаж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтийг сонсов. Хуралдаанд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, гүйцэтгэх удирдлагын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг МҮОНРТ-ийн удирдлагын “данхар” бүтэц, үр ашиггүй зардлуудын талаар шүүмжиллээ. Тухайлбал, тэрээр “МҮОНРТ-д төсөв санхүүгийн бэрхшээл нүүрлэж, НДШ-ийн өр төлбөртэй, жилээс жилд үр ашиггүй зардал өсч байна хэмээн Ажлын хэсэг дүгнэжээ. Өнөөдрийн байдлаар МҮОНРТ 750 ажилтантай байгаагаас 190 нь удирдлагын хэсэгт байгаа юм. Хэт том данхар бүтэцтэй, тэр дундаа удирдлага нь ийм олон хүнтэй байгаагаас МҮОНРТ-ийн нийт зардлын 74 хүртэл хувийг цалингийн зардал эзлээд байгаа юм байна. Ийм нөхцөлд хүний нөөцийн сайн менежмент хийх, удирдлагыг цомхотгох ёстой. Гэтэл Үндэсний зөвлөл жилийн жилд энэ данхар бүтцийг баталж өгөөд байна. Тухайлбал, 2019 онд 762 хүнтэй байхаар, 2020 онд 763 хүн, 2021 онд 799 хүнтэй байхаар баталсан байна.

Хоёрдугаарт, Олон нийтийн радио телевиз бол гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд байх ёстой.

Өөрөөр хэлбэл, санхүүжилт болон удирдлага, нэвтрүүлгийн бодлогын хувьд улс төр болон бизнесийн ашиг сонирхлоос ангид байх ёстой. Тийм учраас төсвөөс санхүүждэг, Олон нийтийн радио, телевизээр арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглоно гэж хуулинд заасан байдаг. Гэтэл МҮОНТ-ийн хувьд бусад арилжааны ТВ-ээс ялгагдах юмгүй бизнесийн шинжтэй зар сурталчилгаанууд яваад байна” хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ