МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.20
Эдийн засаг, Худалдаа

Б.Баярсайхан: Биеийн тамир, соёлын салбарын хөрөнгө оруулалтын зардлыг танахдаа болгоомжтой хандах нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.20/-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Төсвийн тодотголыг дэмжиж байна. Юуны өмнө сайд нарт, УИХ-ын гишүүдэд шинэ мэдээ хүргэе. Завхан аймаг 21 аймгаас түрүүлээд хүүхэд бүрийг аз жаргалтай, хүчирхийллээс хамгаалах аймаг байхаа зарласан. Бид хичнээн дайны үед байсан ч гэсэн хүүхдүүдээ хэзээ ч орхиж болохгүй. Ковидын үед хүчирхийлэл 2-3 дахин нэмэгдсэн. Ковидын өмнө гэртээ гэмтэж бэртэж, хүчирхийлүүлж, нас барж байсан 25.000 хүүхэд өнөөдөр 35.000 болчихоод байна. Яг ийм үед төсвийн тодотгол хийхдээ Ковидын хорионд 2-3 жил байсан хүмүүсийн сэтгэл санааны байдал, уур уцаар, стрессийн байдлыг нь харгалзаж үзэх боломж байгаагүй юу?

Хөдөө, орон нутагт стрессээ тайлах, эрүүлжих төв байхгүй байна. Ковидын үед таргалалт маш ихээр нэмэгдсэн. Хүний эрүүл мэндийн асуудал үүний ард явж байгаа. Тиймээс соёлын төв байх нь чухал. Бид нийгмээ эрүүл байлгая гэвэл биеийн тамир, спорт, соёлын салбарынхаа төсвөөс болгоомжтой хасах хэрэгтэй гэж бодож байна.

Хүүхэд хамгааллын асуудлаар нэлээн дорвитой яръя гэж бодож байна. Энэ асуудалд бүх салбарын сайд нар анхаарахыг хүсч байна. Хүүхдийн байгууллагын 25 жилийн ойг угтаад ядаж бага насны хүүхдүүдээ хүчирхийллээс хамгаалж чаддаг төр болох хэрэгтэй байна. Энэ асуудалд Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга нэгдэж, салбарууд хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх ёстой.

Энэ хүнд хэцүү Ковидын үед, дайны үед, эрсдэлийн үед хамгийн түрүүнд хүүхэд хамгааллын ажлыг, малын эрүүл мэндийн асуудлыг, хүнсний аюулгүй байдлын асуудлыг, авилга хүнд суртлын асуудал зэргийг бид зэрэгцээ авч явах ёстой. Өнөөдөр ганцхан мөнгөний асуудал ярих биш бидний хандлагын өөрчлөлт, төрийн ажлыг сэтгэлтэй, зүтгэлтэй хийх асуудал бол хэмнэлтийн хажууд зэрэгцэн явах чухал ажил гэдгийг хэлье.

ШИНЭ МЭДЭЭ