МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.21
Улстөр

Ц.Сэргэлэн: Мэргэжлийн хяналтыг салбар салбарт нь хариуцуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.21\ нэгдсэн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Төрийн бүх шатны байгууллагуудын хүнд суртлыг бий болгодог нэг хүчин зүйл бол олон төрлийн давхардсан шалгалт, зөвшөөрөл байдаг. Үүнийг байхгүй болгох хэрэгтэй. Хүнд суртал бол нийгмийн хөгжилд чөдөр тушаа болдог, ард иргэдийг бухимдуулдаг, нийгмийн сэтгэл зүйд нөлөөлдөг.

Төсвийн тухай хуулийг дагаж орж ирсэн хуулиар, Монгол Улсын хил дээр давхардсан олон шалгалтыг нэгтгэж, зөв гольдрилд оруулсныг ард түмэн талархалтай хүлээж авсан. Үүнтэй адил давхардсан хяналтыг нэгтгэх ёстой.

Мэргэжлийн хяналтыг салбарын яам нь хариуцдаг байвал илүү үр дүнтэй. Тухайлбал, уул уурхайн шалгалтыг УУХҮЯ, барилгатай холбоотой асуудлыг БХГЯ хариуцаад явбал зүгээр санагдана.

Мөн иргэд рүү чиглэсэн хяналтыг байхгүй болгох ёстой. Ялангуяа ЖДҮ, бизнес эрхлэгчдэд дарамт үүсгэдэг. Тэдэнд бизнес хийлгэх хүсэлгүй болгодог. Зах зээлийн өрсөлдөөнд ялгараад үлддэг жамтай. Тиймээс нийгмийн давхарга бүрийн орлого, амьжиргааг нэмэгдүүлэхийн тулд хяналт шалгалтыг багасгаж, стандартыг нэмэгдүүлэх нь чухал болоод байна.

Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ