НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдана
2022.04.21
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдана

Зүүн Азийн залуучуудын наадмыг нийслэл Улаанбаатар хотноо 2023 оны 08 дугаар сарын 12-ноос 19-ний өдрүүдэд спортын 12 төрлөөр зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.

Уг наадамд 9 орны /Монгол, БНХАУ, Хонг Конг, Япон, Макао, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Тайпей, Гуам/ 1500 гаруй тамирчин, 900 гаруй албаны болон техникийн хүн оролцоно.

Анхны Зүүн Азийн наадам 1993 оны 5 сарын 9-18-ны хооронд БНХАУ-ын Шанхай хотод, Хоёр дахь удаагийн Зүүн Азийн наадам 1997 оны 5 сарын 10-19-ны хооронд БНСУ-ын Бусан хотод, Гурав дахь удаагийн Зүүн Азийн наадам 2001 оны 5 сарын 1-27-ны хооронд Япон улсын Осака хотод, Дөрөв дэх удаагийн Зүүн Азийн наадам 2005 оны 10 сарын 29-нөөс 11 сарын 6-ны хооронд Макаод, Тав дахь удаагийн Зүүн Азийн наадам нь 2009 оны 12 сарын 5-13-ны хооронд ХонгКонгод, Зургаа дахь удаагийн Зүүн Азийн наадам 2013 оны 12 сарын 6-15-ны хооронд БНХАУ-ын Шанхай хотод тус тус зохион байгуулсан.

Зүүн Азийн Олимпын Хорооноос 2019 оноос Зүүн Азийн наадмыг Зүүн Азийн залуучуудын наадам болгохоор шийдвэрлэж анхны наадмыг Хятадын Тайваны Тайчунг хотноо зохион байгуулах эрхийг олгоод байсан ч цуцалсан.

Зүүн Азийн залуучуудын 2-р наадмыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Зүүн Азийн Олимпын хороо, Нийслэл Улаанбаатар хот, МҮОХ-ны хамтарсан 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “2023 оны Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах Хотын гэрээ”-ний дагуу Нийслэлийн ИТХ-ын 2021 оны 214 дүгээр тогтоолоор “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг хариуцан зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий нийслэлийн өмчит “Улаанбаатар Зүүн Азийн наадам зохион байгуулах хороо” /Ulaanbaatar East Asian Youth Games Organizing Committee/ ХК-ийг байгуулан “2023 оны Зүүн Азийн залуучуудын наадмыг Зохион байгуулах Хотын гэрээ”-гээр хүлээсэн үүргүүдээ үе шаттай хэрэгжүүлж байна.

Наадмын үеэр 1200 гаруй ажлын түр байр бий болж, 2000 сайн дурын ажилтанг ажиллуулна. Оролцогчид наадамд оролцох үеийн зочид буудлын төлбөрөө өөрсдөө төлөх бөгөөд урьдчилсан тооцооллоор 3 орчим тэрбум төгрөгийг зочид буудлын үйлчилгээнд, мөн дотоод, гадаадын иргэдэд зориулсан наадмын бэлэг дурсгал болон бусад сувинер худалдааны орлогыг бүрдүүлэх боломжтойгоос гадна дотоодын аялал жуулчлалыг сэргээх томоохон боломжууд бүрдэж байна. Мөн үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын орлогыг нэмэгдүүлэх маркетингийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ