“Ирээдүйн төлөө инновацийг бүтээх нь” аянг амжилттай зохион байгууллаа
2022.04.23
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Ирээдүйн төлөө инновацийг бүтээх нь” аянг амжилттай зохион байгууллаа

Оюуны өмчийн газраас Дэлхийн оюуны өмчийн өдрийг угтан нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сэлбэ сургууль, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоотой хамтран 4 дүгээр сарын 5-аас 22-ны өдрүүдэд “Ирээдүйн төлөө инновацийг бүтээх нь” сэдэвт аянг зохион байгууллаа.

Сэлбэ сургууль нь ахлах ангийнхаа сурагчдын дунд “Dream” төслийг хэрэгжүүлж, энэхүү төслийн хүрээнд сурагчид сургуулийн орчинд тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэх зорилгоор инновацийн шийдлүүдийг шингээсэн бүтээлүүдээ танилцуулсан ба Оюуны өмчийн газраас төсөлд хамрагдсан хүүхдүүдэд оюуны өмчийн талаарх мэдлэг олгох хичээл зааж, өөрсдийн бүтээсэн зүйлээ оюуны өмчөөр хамгаалуулах талаар зөвлөгөө, туслалцаа үзүүлэв.

Аяны хүрээнд оюуны өмчийн талаарх сургалтыг сурагчдын насны онцлогт тааруулж, ахлах, дунд, бага гэж ангилан зохион байгуулсан ба ахлах ангийн сурагчид бага ангийн сурагчиддаа оюуны өмчийн хичээлийг “Пороро” хүүхэлдэйн киногоор дамжуулан зааж өгсөн нь маш сонирхолтой арга хэмжээ болов. 4 дүгээр сарын 22-ны өдөр аяны хаалтын ажиллагаа болж, уг арга хэмжээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Боловсролын газрын дарга Д.Адъяасүрэн, Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл, АНУ-ын ЭСЯамны дэд тэргүүн Грегори Мэй нар мэндчилгээ дэвшүүллээ.

Нийслэлийн боловсролын газар, Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд болох нийт 70 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн хаалтын үйл ажиллагааны үеэр Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл “Оюуны өмч ба сургуулиудын оролцоо, боломж” сэдвээр илтэл тавьж, Монголын зохион бүтээгчдийн холбооноос “Dream” төсөлд хамрагдсан нийт 45 сурагчдад “Өсвөрийн зохион бүтээгч” батламж гардуулав.

ШИНЭ МЭДЭЭ