МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.25
Зам, Тээвэр

Б.Баярсайхан: Завхан аймгийн зургаан төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалтыг хасуулмааргүй байна

УИХ-ын  Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны  /2022.04.25/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

2022 онд Завхан аймагт төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 45 хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээг 22,7 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байсан ч энэ тодотголоор 2 хөрөнгө оруулалт бүтэн хасагдаж, 10 хөрөнгө оруулалтын төсвийг тодорхой хэмжээгээр хассан. Соёлын төвийн тоног төхөөрөмж болох 185 сая төгрөг, 6 сумын хөгжлийн төлөвлөлтийг хассан. Төсвийг харахад Завхан аймгийн Алдархаан суманд Яруугийн хүрээнд мод тарьж, ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд 270 сая төгрөг тавьсан байсныг 53 сая төгрөг болгосон. Энэ ямар учиртай вэ? Энэхүү төсөл энэ жил хэрэгжээд л дуусах төсөл.

Шинэ сэргэлтийн бодлогын дөрөв дэх хэсэгт Хот, хөдөөгийн сэргэлтээр Улаанбаатар хотын төвлөрөлийг багасгахын тулд хөдөө, орон нутгийн дэд бүтэц, хөгжлийг сайжруулж, шинэ суурьшлын бүс, дагуул хот, сум, орон нутгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх замаар төвлөрөлийг сааруулна гэж төлөвлөсөн. Тэгсэн хэрнээ Улаанбаатар хотын хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудлыг шийдэхийн тулд хөдөө, орон нутгийн хүүхдүүдийн сургууль, спорт заалны барилгын нийт зургаан төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтыг яагаад хассан юм бэ?

6 сумын хөгжлийн төлөвлөгөө дотор хоёр нь шалгараад, гэрээ хийгдээд, тендерийн баталгаагаа гаргачихсан гэсэн. Тэгэхээр 2 сумынхаа төсвийг хасуулмааргүй байна.

Мөн би шинэ Соёлын төв байгуулах талаар яриагүй. Аль хэдийн баригдчихсан Соёлын төвд байх сандал ширээ, тоног төхөөрөмжийг авах 185 сая төгрөгийн асуудлыг ярьж байгаа. Энэ төсвийг хассанаар Ковидын үед 2 жил гэртээ байсан ард, иргэд ширээ сандал, хөгжимгүйн улмаас дахиад нэг жил гэртээ байх болж байна. Хөдөө, орон нутгийн Соёлын төв гэдэг бол ганцхан бүжиглэдэг газар биш. Иргэд соён гэгээрдэг, сургалт хийдэг, уулзалт зохион байгуулдаг, сурч боловсордог, хурал цуглаан хийдэг, мэдээлэл авдаг ганц газар нь Соёлын төв байдаг. Тэгэхээр энэ асуудлыг хойшлуулснаараа улсын төсөвт ямар хэмнэлт гарах гээд байгаа юм бэ?

Түүний асуултад Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Чимэдсүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ