МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.26
Эдийн засаг, Худалдаа

Д.Сарангэрэл: Залуучуудын хөдөлмөрийг дэмжих чиглэлд тодорхой арга хэмжээ харагдахгүй байна

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022.04.26/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Энэ удаагийн Төсвийн тодотгол, хэмнэлтийг төр өөрөөсөө эхэлье гэдэг гол зарчим үйлчилж байгаа. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт дээр онцгой хөдөлгөөн хийхгүй, нэн яаралтай биш хөрөнгө оруулалтуудыг хойшлуулсан, танасан төсөв гэж ойлгож байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдаас асууя.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд сүүлийн 2 жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн шинэчлэл, нэмэгдэл хийгдсэнгүй гэдэг асуудал ярьж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр биохимийн шинжилгээний, шээсний иж бүрэн шинжилгээний аппратууд байхгүйгээс үүдэж дүүргийн эмнэлэг дээрээ оочир аваад 2 сар хүлээж байгаа, эсвэл сорьц зөөж байгаа гэсэн маш хүндрэлтэй асуудлууд ярьж байна. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмжөөр хангах чиглэлд ямар ажил хийж байгаа вэ?

Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд олон бий. Тухайлбал Улаанбаатар хотоос 25 км зайд байрладаг Био комбинатад маш том жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орсон. Тус эмнэлэг дижитал рентгэн аппрат, зөөврийн аппрат суулгах орчин нөхцлийг бүрдүүлсэн боловч аппратуудын асуудал шийдэгдэхгүй байгаа. Хэрвээ аппратны асуудал шийдэгдчихвэл Шувуу фабрик, Био комбинат, Өлзийт хорооллын иргэд Улаанбаатар орох шаардлагагүй болно. Үүний хөрөнгө оруулалтыг хийж өгөхийг хүсч байна.

Мөн Яармагийн нэгдсэн эмнэлэгт одоог хүртэл Зүрхний эхо байхгүй. 45-65 насны иргэд зүрх, судасны өвчний эрсдэлд байдаг. Эдгээр асуудалд Эрүүл мэндийн сайд болон Төрийн нарийн бичгийн даргыг анхаарч, нэгдсэн судалгаа хийж, шаардлагатай  хөрөнгө оруулалтын ажлуудыг шийдэж өгөхийг хүсч байна.

Хоёрдугаарт Ковидтой холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг ерөнхийдөө шавхсан. Ковид19-ын хуультай холбоотойгоор буцаад эрхийг нь Засгийн газарт өгөөд, алдагдлыг нь нөхөж, үйл ажиллагааг нь хэвийн болгох нөхцлийг Сангийн яам бүрдүүлэх ёстой. Энэ нөхцлийг бүрдүүлсэн үү?

Гуравдугаарт Төсвийн тодотголд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлогод залуучуудыг ажил, хөдөлмөртэй болгох чиглэлд яг ямар ажил тусгасан бэ?

Мөн 1 сая төгрөг хүртэлх цалинтай иргэдийн НДШ төлснийг буцааж өгнө гэдгийг иргэд огт ойлгохгүй байна. Энэ асуудлыг энгийн байдлаар тайлбарлаж өгнө үү.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ