2022.04.28
Эдийн засаг, Худалдаа
Б.Баярсайхан: Гаалийн байгууллагад тулгамдсан асуудлуудыг эргэж харах нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.28\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022.04.14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ази Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Энэхүү хуулийн төслийг дэмжиж байна. Манай улс энэ хэлэлцээрт нэгдэн орсноор экспорт, импортын бичиг баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, худалдааны горимоо хөнгөвчлөх, транзит тээврийн хугацааг богиносгох замаар худалдааны зардлыг бууруулахын зэрэгцээ санхүүгийн хууль бус урсгал, татвараас зугтаах, худал мэдүүлэг мэдүүлэх явдлыг багасгах ач холбогдолтой гэж харж байгаа.
Энэ хөгжил, дэвшилтэй зэрэгцээд гаалийн байгууллагад тулгамдсан байдаг асуудлуудыг эргэж харвал яасан юм бэ? Монгол гаалийн байгууллага ерөнхий хэлэлцээрт нэгдэн ороход бэлэн байгаа юу? Манай гаалийн салбар хурдацтай хөгжилд хөл нийлүүлэн алхахад бэлэн үү?
Яагаад гэвэл гааль дээр хамгийн их авлига, хүнд суртал яригддаг. Энэ гол асуудлуудаа эргэж нэг хараад, том зургаар харж, нэгдсэн бодлого боловсруулж, гаалийн үйлчилгээг иргэдэд ил тод үзүүлдэг байх асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй. Экспорт, импортын урсгал нь цэвэр, чөлөөтэй болвол манай улсад аж үйлдвэрлэл, эдийн засаг зэрэг суурь хөгжлүүд нь дагаад хөгжинө гэж харж байна.
Түүний асуултад ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.