Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайдтай уулзлаа
2022.05.02
Гадаад харилцаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайдтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасаг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж буйд талархал илэрхийлээд цар тахлын амаргүй үед манай улсад нийт хүн амаа цаг алдалгүй вакцинжуулах, вакцины нөөц бүрдүүлэх зэрэг чиглэлээр Япон Улс шуурхай дэмжлэг үзүүлснийг онцоллоо.

Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр талын хүрээнд төдийгүй олон улсын тавцанд эрчимтэй урагшлан хөгжиж, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса нар стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт татах, ноу-хау, өндөр технологийг нутагшуулах, Хөшигийн хөндийд байгуулах эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хотын төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд өндөр түвшний харилцан айлчлал чухал болохыг тэмдэглээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын цаг үед Япон Улсад ажлын айлчлал хийж, “Токио-2021” Олимпын наадмын нээлтэд оролцож, эв санааны нэгдлээ илэрхийлсэнд онцгойлон талархал илэрхийллээ.

Талууд Монгол, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 50 жилийн түүхийг дүгнэн ярилцаж, цаашид стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, улмаар бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ