Засгийн газарт тавьсан саналыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах шуурхай ажлын хэсэг байгууллаа
2022.05.02
Улстөр

Засгийн газарт тавьсан саналыг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах шуурхай ажлын хэсэг байгууллаа

Коронавирусын халдвар, ОХУ болон Украины хооронд үүссэн хямралт нөхцөл байдлын улмаас манай улсын хүнсний хангамж, нийлүүлэлтэд тулгамдаж байгаа асуудал болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэхэд хувийн хэвшилтэй хамтран ажиллах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй энэ сарын 28-ны пүрэв гаригт уулзсан. Энэхүү уулзалтын талаар Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах замаар хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэхэд чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

-Хүнсний нийлүүлэлтийг сайжруулах, үнийг тогтворжуулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдээс гарсан саналыг судлах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий шуурхай ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд долоо хоног бүр танилцуулж байх;
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Хүнсний тухай, Хөдөлмөрийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж танилцуулах;
-Экспортын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулж, бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн 2022 оны гуравдугаар улиралд багтааж Монгол Улсын хилээр нэвтрүүлэх арга хэмжээ авах;
-Хүнсний сав баглаа боодлын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжийг судалж танилцуулах
-Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх асуудлыг Эрүүл ахуйн тухай хуульд нийцүүлэн, шийдвэрлэж танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын холбогдох гишүүдэд үүрэг болголоо.
 
Товч мэдээ
·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
·      “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

ШИНЭ МЭДЭЭ