Иргэдэд тоон гарын үсэг олгож эхэллээ
2022.05.02
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Иргэдэд тоон гарын үсэг олгож эхэллээ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд тоон гарын үсэг олгох нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2022.05.02/ боллоо. Энэхүү нээлтийн үйл ажиллагаа 100 хувь цахим хэлбэрээр явагдаж байгаагаараа онцлог боллоо.

Нээлтийн үйл ажиллагааг нээж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан үг хэллээ.

Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар эцэслэн баталж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэхээр болсон. Энэхүү хуулийн хүрээнд Монгол Улсын иргэн бүрт өнөөдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай тоон гарын үсэг үнэ төлбөргүй олгож эхэллээ. Орчин цагийн иргэний байгууллага үүсч хөгжөөд 82 жил болж байна. Энэ хугацаанд хамгийн томоохон хийгдэж буй нэг ажил бол тоон гарын үсгийг иргэддээ олгох ажил юм.

Тоон гарын үсэг олгох ажил үндсэн 3 үе шаттай  явагдана.

Нэгдүгээрт улсын бүртгэлийн байгууллагын бүх бүртгэгч нараар дамжуулаад 21 аймаг, 9 дүүрэг, 6 үйлчилгээний төвөөр олгоно.

Хоёрдугаарт ухаалаг машин буюу КИОСК машинаар дамжуулан иргэдэд тоон гарын үсэг олгоно. Дээрх 2 ажил 100 хувь хангагдсан.

Гуравдугаарт энэ 05 дугаар сард багтаад гар утасны аппликейшн буюу клауд байдлаар тоон гарын үсэг олгох ажлыг хийхээр төлөвлөж байна. Ингэснээр иргэд цахим үнэмлэх болон гар утасны аппликейшн дээрээ тоон гарын үсгийг тээгч байдлаар авч хэрэглэх бололцоотой болж байгаа юм.

Энэхүү тоон гарын үсэг олгох нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.  

Тоон гарын үсэг нь эх баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангадаг бөгөөд цахимаар зурсан этгээдийг найдвартай таньж баталгаажуулах механизм ажиллаж байдаг учраас хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хүчин төгөлдөр тооцогдох юм. Тоон гарын үсэг нь маш өндөр нууцлал бүхий нарийн технологийн суурь бүтэцтэй ч хэрэглэгчдийн хувьд энгийн, өдөр тутам ашиглахад хялбар, хэрэглээ нь маш олон төрлийн зардлыг хэмнэсэн байдгаараа давуу талтай.

Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүн болон албан байгууллагууд цаг хугацаа, орон зайг үл хамааран албан харилцаагаа явуулах боломжтой болж байгаа юм. Товчхондоо иргэд төрийн болон бусад байгууллагаас цахим үйлчилгээ авах, гэрээ хэлцэл байгуулах, санхүүгийн төлбөр тооцоо хийх гэх мэт олон давуу талтай юм.

Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны 2,2 сая гаруй иргэнд тоон гарын үсгийг олгоно.

ШИНЭ МЭДЭЭ