НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Баянгол дүүрэг "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн аваргуудаа шалгарууллаа
2022.05.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Баянгол дүүрэг "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн аваргуудаа шалгарууллаа

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын нэрэмжит цэцэрлэгийн хүүхдүүдийн "Уран хөдөлгөөнт гимнастик"-ийн тэмцээн Спорт хорооны зааланд зохион байгуулагдаж, /2022-04-29/ дүнгээ гаргав.

Арга хэмжээнд Баянгол дүүргийн БТСХ-ны дарга Г.Батбаяр, Баянгол дүүргийн ИТХ-ын Зохион байгуулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга А.Уранбилэг, дүүргийн харъяа цэцэрлэгүүдийн удирдлага, хамт олон, эцэг эхчүүд оролцож бяцхан тамирчдаа хөгжөөн дэмжлээ.

Тэмцээнд дүүргийн 5 цэцэрлэгийн 150 хүүхэд ур чадвар, авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс 1-р байрт 157 дугаар цэцэрлэг, 2-р байрт 57 дугаар цэцэрлэг, 3-р байрт 96 дугаар цэцэрлэг тус тус шалгарч, Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд орох эрхээ гардсан юм.

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаа 5 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдах Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа амжилттай оролцохыг хүсч, нийт тамирчдад өргөмжлөл, гарын бэлэг хүргүүллээ.

1970 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн тус тэмцээнд үе үеийн Баянголчууд бахархалтай сайхан амжилт гаргаж ирсэн.

Тухайлбал, 2018 онд зохион байгуулагдсан Улаанбаатар хотын аварга шалгаруулах 48 дахь удаагийн тэмцээнд 9 дүүргийн 27 цэцэрлэгээс оролцсон 810 хүүхдийг ур чадвараараа манлайлж, 94 дүгээр цэцэрлэгийн бяцхан багачууд тэргүүн байр, 85 дугаар цэцэрлэг гуравдугаар байрт шалгарч байсан бол "Шилдэг ур чадвар" номинацад 157-р цэцэрлэг, "Шилдэг хэмнэл" номинацад 96-р цэцэрлэг тус тус шалгар байсан юм.

Соёл урлагаар дамжуулж нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйл хэрэг улам өргөжин дэлгэрэх болтугай.

ШИНЭ МЭДЭЭ