Ц.Мөнхцэцэг: Охидод ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгохоор хуульчлах хэрэгтэй
2022.05.03
Хүний эрх

Ц.Мөнхцэцэг: Охидод ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгохоор хуульчлах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг /2022.02.07/-нд өөрийн твиттер хуудастаа  “Ариун цэврийн хэрэгсэл авах боломжгүйгээс олон охид хичээл сургуульдаа явахгүйд хүрч байгаа нь хүний эрхийн зөрчил гэж үзэж Шинэ Зеланд, Шотланд, ӨАБНУ зэрэг дэлхийн 21 улс, бүс нутагт охидод ариун цэврийн хэрэгслийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан байдаг. Монгол улсад ч ажил болгох ёстой” гэж анх жиргэсэн. Түүний жиргээг олон нийт эерэг болон сөргөөр хүлээн авч, хэсэг бүлэг дэмжиж байхад, нөгөө тал нь шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Тэрээр “Бид улс орнуудын жишгээр ариун цэврийн хэрэгслийг татвараас чөлөөлөх, үнийг буулгах арга хэмжээнээс эхлэн шат дараалалтай бодлого явуулъя. Эхний ээлжид сургууль, дотуур байранд ариун цэврийн үнэгүй хэрэгсэл байрлуулах төсвийг батлах хэрэгтэй. УИХ-ын хурлын гишүүд, бодлого тодорхойлогчид та бүхэн маань дэмжээрэй" гэж бусдыгаа уриалж байсан юм.  

Ариун цэврийн хэрэглэл бол тансаг хэрэглээ биш зайлшгүй авах ёстой зүйл. Гэхдээ нийгмийн тэгш бус байдлаас болж зарим охин сэтгэл санааны болон бие махбодийн хохирол амсах ёсгүй гэсэн байр сууриндаа тэрээр бат зогсож буй.

Урьд өмнө охид эмэгтэйчүүдийн сарын тэмдэг, ариун цэврийн асуудлыг ингэж төрийн бодлогын түвшинд нээлттэй тавьж ярьж байгаагүй учраас гайхаж эргэлзэх, хэтэрхий жижиг асуудал яриад байна гэх хүмүүс мэр сэр байна. Мөн төр дэх шахааны нэг бизнес болчих вий, яг хүрэх ёстой зорилтот бүлэгтээ очихгүй, авлига, ашиг сонирхлын замаар төсвийн хөрөнгө үргүй зарлагадахвий гэсэн болгоомжлолыг хэлж байгаа юм. Тийм учраас хэрэгжилт дээр ямар шийдэл, хувилбарууд байж болохыг судалж, үр дүнтэй ажиллах болно гэдгээ нэгэнт илэрхийлсэн юм. .

Тэгвэл Ц.Мөнхцэцэг гишүүн өөрийн санаачилсан ажлынхаа хүрээнд “Охидыг ариун цэврийн хэрэгслээр үнэ төлбөргүй хангах нь зүйтэй” гэсэн нийгмийн шинжтэй акцыг өрнүүлж, эхний ээлжид “Happy box” охидод зориулсан тусламжийн хайрцгийг Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад туршилтаар нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан билээ.


Тус санаачилгыг хамгийн түрүүнд Хүний эрхийн үндэсний комисс соргогоор дэмжиж улсдаа ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих 407-р ангид ариун цэврийн хэрэглэлийн жилийн төсвийг суулгуулж өгсөн. Энэ нь ялтны эрхийг дээдэлсэн, хүйсийн онцлог байдлыг харгалзан үзсэн чухал алхам болсныг онцлох хэрэгтэй.

Үүнээс хойш “Гүнж” төвийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллээс харахад, Монгол 3 дугаар сургууль, Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль зэрэг нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, орон нутагт Завханы Улиастай хотод хэд хэдэн дунд сургууль, коллежид, Сэлэнгийн Зүүнбүрэн сумын сургуульд, Говьсүмбэр аймгийн Политехникийн коллежиудад энэхүү аян маань давалгаалж “Pad package”, “A young doctor”,  “Яаралтай тусламжийн хайрцаг”, “Хэрэгтэй үедээ ашиглаарай”, “НУНА” зэрэг нэртэйгээр хэрэгжиж байгаа нь УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн үзүүлсэн нөлөө их.

Энэ талаар тэрээр “Миний эхлүүлсэн санаачилгыг цааш түгээн дэлгэрүүлж, ажил хэрэг болгож байгаад эмэгтэй хүн, ээж хүний хувьд туйлын таатай байна” хэмээв.

Мөн түүнчлэн МУИС-ийн хичээлийн 2 болон 5 дугаар байрны эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөнд “Ариун цэврийн хэрэглэлтэй хайрцаг”-уудыг  байршуулжээ. Энэхүү аян цаашид ч өргөн хүрээнд хэрэгжиж, нийгэмд зөв үлгэрлэл үзүүлж, соёлыг түгээх давуу талтай. 

ШИНЭ МЭДЭЭ