https 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Үндэсний статистикийн хорооны 2021 оны үйл ажиллагааны тайлантай танилцав
2022.05.03
Хууль, эрх зүй

Үндэсний статистикийн хорооны 2021 оны үйл ажиллагааны тайлантай танилцав

Хуралдаан Үндэсний статистикийн хорооны 2021 оны үйл ажиллагааны тайлан, мэдээллээр үргэлжиллээ. Энэ талаарх танилцуулгыг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа хийсэн.

Тэрбээр танилцуулгадаа, Үндэсний статистикийн Хороо нь 2021-2025 стратегийн зорилгоо 4 зорилт, 23 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгааг дурдаад энэ хүрээнд өнгөрсөн онд улсын хэмжээнд өгөгдлийн засаглал, шинжилгээг эрхлэн хөгжүүлэх нэгжийг шинээр бий болгосныг дурдав.

Өнөөдөр Үндэсний статистикийн хороо нь статистикийн мэдээлэл боловсруулах 78 аргачлал, 541 маягт, 11 ангиллыг нэвтрүүлээд байна. Үүнээс 2021 онд 2 ангилал, 6 аргачлал, 16 багц асуулга, маягтыг шинээр боловсруулан баталж, мөрдөж байна. Хуульд заасны дагуу 2021 онд 2 тооллого, 27 түүвэр судалгааг зохион байгууллаа. Тухайлбал, Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого болон төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгаа, олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа, өрхөд суурилсан мэдээлэл, харилцаа холбооны технологийн судалгаа, бичил уурхай эрхлэгчдийн судалгааг шинээр хийж гүйцэтгэсэн. Үүнээс гадна хүн ам, нийгэм, эдийн засаг, байгаль орчны албан ёсны статистикийн 53 төрлийн мэдээг Үндэсний статистикийн хорооноос 7 хоног, 14 хоног, сар, улирал, жилийн давтамжтай нэгтгэн боловсруулж, нийтэд түгээн ажиллаж байгааг Б.Батдаваа дарга тайландаа дурдсан.

Мөн тэрбээр, Албан ёсны статистикийн шинэчлэлийн хүрээнд программ хангамж, өгөгдлийн шинжилгээг хослуулан албан ёсны статистикийн ерөнхий стандарт загварт нийцсэн өгөгдөл, мэдээллийн урсгалыг бүрэн автоматжуулах “Статистикийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн систем-SPS”-ийг нэвтрүүлж, 2021 онд албан ёсны 10 мэдээ, 23 маягтыг системд нэвтрүүллээ. Тооллого, судалгааны мэдээллийг утсаар цуглуулах дуудлагын төвийг 100 операторын хүчин чадалтай болгож өргөтгөж, 2021 оны аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын мэдээллийг цахимаар, бусад судалгаануудын мэдээллийг таблет болон утсаар цуглуулж ажилласан. Төрийн байгууллагуудад байгаа мэдээллийн сангуудыг нэгтгэх “Төрийн их өгөгдөл” нэгдсэн санг бий болгох төслийг боловсруулан УИХ, Засгийн газрын дэмжлэгийг авч ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд төрийн байгууллагуудтай өгөгдлийн санг холбох, өгөгдөл солилцох төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг тайландаа онцлов.

Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн онд 31 орны 300 төлөөлөгчийг оролцуулан Хөдөө аж ахуйн статистикчдын 29 дүгээр чуулганыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Улаанбаатар хотод анх удаа амжилттай зохион байгууллаа. Хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд 10 гаруй байгууллагуудтай хамтран ажиллаж, Тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтийн Бүс дундын шинжээчдийн бүлэг (IAEG-SDG)-ийн 2021-2023 онд Зүүн Азийг төлөөлөх гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Бид 2022 онд төрийн байгууллагуудын нэгдсэн санг бий болгох, статистикийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулах ажилд онцгойлон анхаарч ажиллана гэж байлаа.

Тайлан, танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ салбарын яамдууд болон Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээллийн зөрүүг нэгтгэхэд баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа УИХ-аас баталсан реформын шинжтэй гол хууль, томоохон хөтөлбөрийн хэрэгжилтэд холбогдох статистик судалгаа хийж, мэдээллээр хангаж ажиллах талаар, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал статистикийн анхан шатны тоон мэдээллийг нягтлан шалгахад анхаарах, цаашлаад тоон мэдээлэл судалгаа гаргагч анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа цалин багатай хүмүүст санхүүгийн урамшуулал, дэмжлэг үзүүлдэг эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Статистикийн тухай хууль нь эрх зүйн орчинтойгоо нийцэж байгаа эсэх, Монгол Улсын далд эдийн засгийн хэмжээ, тооцож буй аргачлал хэр бодитой байгаа талаар лавлаж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай болон Төрийн хэмнэлтийн тухай хуулиудын хэрэгжилт, иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаа хийж, статистик мэдээлэл гаргахад анхаарч ажиллах, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар “Төрийн их өгөгдөл” төслийж ажлыг эрчимжүүлж, сайжруулах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ