https 231

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ
2022.05.03
Хууль, эрх зүй

“Чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ

Монголбанкнаас 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр УИХ-ын дарга болон Эдийн засгийн байнгын хороонд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой албан бичиг ирүүлсэнтэй танилцаж, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тайлбар хийлээ. Тэрбээр, Монгол Улсын санхүүгийн шинэтгэлийн цогц арга хэмжээний хүрээнд 2021 онд хэлэлцэн баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат болгон компанийн хэлбэрийг өөрчлөхөөр зохицуулалт орсныг тодотгоод Монголбанкнаас дээрх шаардлагыг хуульд заасан хугацаанд багтаан амжилттай хэрэгжүүлэхэд системийн нөлөө бүхий 5 банкны төлөөлөл, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа дурдав.

Мөн тэрбээр тайлбартаа, дотоод болон гадаад улс орнуудад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын санхүүгийн байгууллагуудаас системийн нөлөө 5 банк нь богино хугацаанд багтаан анхдагч хувьцаагаа олон нийтэд арилжих үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл учрах болзошгүй гэсэн зөвлөмж, танилцуулга ирүүлснийг онцлоод энэ хүрээнд Монголбанкны зүгээс системийн нөлөө бүхий 5 банкны хувьцааг нийтэд нээлттэй арилжихад тодорхой нөхцөл, шаардлагыг хангуулсны дараа эхлүүлэх нь хөрөнгө оруулагч болон банкны салбарын санхүүгийн тогтвортой байдалд нэмэр болох болов уу гэсэн үүднээс УИХ-д санал хүргүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Монгол Улсын санхүүгийн зах зээл дээр 11 банк байдгийн 5 нь системийн нөлөө бүхий томоохон банк гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч тайлбартаа тодотгохын зэрэгцээ эдгээр банкууд нь нэг дор нэгэн зэрэг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжих нь хоорондын өрсөлдөөнөөс гадна үнэ цэнэд нь нөлөөлөх магадлалтай гэх үүднээс хугацааг нь сунгаж өгөх саналыг тавьсан гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Б.Жавхлан нар асуулт асууж хариулт авсны дараа уг асуудалтай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” тогтоолын төсөл боловсруулсныг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцууллаа. Тухайлбал, тогтоолын төсөлд 2021 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу банкууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөрт багтаан хувьцаагаа анхдагч зах зээлд арилжиж, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжихээр зохицуулсан ч олон улс дахь санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн, банкны хувьцааг худалдан авах гадаад болон дотоод эрэлт, зах зээлийн багтаамж, банкны салбарын тогтвортой байдал зэргийг харгалзан үзэж системд нөлөө бүхий банкуудын нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих хугацааг сунгах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эсэх талаарх саналаа ирүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгажээ.

Ингээд “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь дэмжлээ

ШИНЭ МЭДЭЭ