Монгол Улсад жуулчлах БНСУ-ын иргэд визгүй зорчино
2022.05.04
Гадаад харилцаа

Монгол Улсад жуулчлах БНСУ-ын иргэд визгүй зорчино

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 04-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө. Энэхүү шийдвэр 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжинэ.

Монгол Улсыг зорих иргэдийн тоогоороо БНХАУ, ОХУ-ын дараа гуравдугаарт ордог, Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 улсын иргэд визгүй зорчиж байна.

ШИНЭ МЭДЭЭ