НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх дадалд сургах нь чухал
2022.05.06
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх дадалд сургах нь чухал

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ивээл дор дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсээс “Бага насны хүүхдэд замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний хууль, дүрмийг сурталчлах” зорилгоор НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2022 тэмцээнийг зохион байгууллаа.

 
Тус тэмцээн нь хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон талт ажлын нэг нь юм
 
Тэмцээнд оролцсон хүүхэд багачууд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт хандан Баянгол дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Сэмжидмаа “Бага насны хүүхэд өртөж болзошгүй эрсдэл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг та бид мэддэг атлаа мэддэггүй юм шиг, анзаардаг хэрнээ анзаарахгүй өнгөрүүлдэг байдлыг зогсоож, нэн тэргүүнд хүүхдүүдээ тавьж, тэдний төлөө хийж чадах зүйлсээ цаг зав гарган хийж хэрэгжүүлэх, санал санаачилгатай ажиллаж буй хүмүүсийг боломж бололцоогоор хангах хэрэгтэй байна. Хүүхдээ хэн нэгэнд даатгаад орхих биш өөрсдийн оролцоог нэмэгдүүлж, мэдлэг мэдээллээ тэлж, оролцогч хүүхдүүдээ дэмжиж ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
 

 
 
Мөн өөрийн хүүхдүүд, ахуй амьдрал, ар гэрээ умартаж бяцхан шавь нарынхаа төлөө сэтгэлээ чилээн тэмцээндээ ач холбогдол өгч бэлдсэн багш, ажилчид та бүхэндээ маш их баярлалаа. Оролцсон, хичээсэн хүүхэд бүр энэ тэмцээнээс мэдлэг, мэдээлэл олж авч бусдад үлгэрлэх ялагч нь юм шүү. Эрсдэл учирсан хойно нь халаглаж суух биш, урьдчилан сэргийлэх нь чухал юм” гэдгийг онцолж, хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа.

Тэмцээнд оролцогч багууд мэндчилгээ, гэрийн даалгавар, буухиа, урлагийн тоглолт төрлөөр оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж өрсөлдсөнөөс А.Баярмаа ахлагчтай “57-р цэцэрлэг”-ийн баг 567 оноогоор тэргүүн байрт, У.Оюуннаран ахлагчтай “89-р цэцэрлэг” -ийн баг 552 оноогоор дэд байрт, М.Раднаашаарий ахлагчтай “97-р цэцэрлэг” -ийн баг 510 оноогоор гутгаар байрт шалгарч өргөмжлөл, медаль, үнэ бүхий зүйлээр шагнагдсан юм.

 
Шалгарсан баг тамирчдад дараачийн шатны тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөе!

ШИНЭ МЭДЭЭ