Н.Учрал: Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс хянан шалгахаас өөр арга байхгүй
2022.05.09
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Н.Учрал: Иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс хянан шалгахаас өөр арга байхгүй

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга  Н.Учрал нарын гишүүд Эмийн чанар, хяналтын тогтолцоог сайжруулах, хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ тогтоолын төсөлтэй холбоотойгоор нийгэмд чамгүй дуулиан дэгдэж,  үнэтэй эм, чанаргүй эмийн асуудал хөндөгдөх болсон. Тиймээс энэ тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Учралтай  ярилцлаа.

-Та яагаад эмийн чанар хянан шалгах түр хороог байгуулах санаачилга гаргасан юм бэ?

-Яг үнэндээ хяналт шалгалт, өөрчлөлт шинэчлэлт гэдэг үгнүүдийг улстөрчид талхилсаар байгаад бүр ”Мода”-наас гарна гэдэг шиг болсон. Чухамдаа хяналт  шалгалт хийдэг тогтолцоо нь буруу, хийж байгаа хүмүүсийн чадавх муу, үг нь сонсогдохдоо буруу ойлголт төрүүлдгээс  иргэд хяналт шалгалтад итгэхээ больсон. Угтаа хяналт шалгалт гэдэг нь зөвлөн туслах чиг баримжаатай байж чадвал иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахад төр оролцож байгаа хэлбэр. Зөв утга, агуулгаар нь харж чадвал хяналт шалгалт буруу биш. Тухайлбал, эмийн асуудал дээр тод харагдана.

Манай улс 2010 онд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг баталж, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг  2014-2018  онд хэрэгжүүлсэн. Гэтэл бодит амьдралд энэ хуулиудын хэрэгжилт хангалтгүй байна. Эм үйлдвэрлэл ч, эм ханган нийлүүлэлтэд ч  асуудал  хөндөгдөж байгаа. Энэ бүхэн аудитын байгууллагын   шалгалтаар тогтоогдож, тайлан мэдээлэл нь ирсэн. Эндээс бид эм, эмнэлгийн хэрэгслийн хууль, төрөөс баримтлах бодлогын хуулийн хэрэгжилтээ хангуулах шаардлага тулгарч байгааг харж болно.

-Аудитын газрын тайланд  ямар дүгнэлт гарсан бэ?

-Манай иргэд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм авч байна гээд өрхийн эмнэлгээрээ цохуулж, эмийн санд дараалал үүсгэдэг. Иргэдийн худалдан авч байгаа  хөнгөлөлттэй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байсан. Артерийн даралт бууруулдаг амлодипин гэдэг эм худалдан авахад сүүлийн таван жилд нэг тэрбум төгрөг зарцуулсан байна. Иргэдийн халаас, төсвийн мөнгөнөөс чанаргүй эмэнд  ийм их хөрөнгө зарсан гэсэн үг шүү дээ.  Ингээд цааш яривал эмзэглэмээр үзүүлэлт гарна л даа.

-Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Байнгын хороогоор  хэлэлцээд байсан  шүү дээ?

-Хэлэлцээд, сонсоод өнгөрөх асуудал биш. Төр энэ асуудалд онцгой анхаарах шаардлагатай учраас тогтоолын төсөл өргөн барьсан. 2020 оны байдлаар  манай улсад 44 аж ахуй нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөлтэй байгаагаас 84 хувь нь эм үйлдвэрлэлийн олон улсын зохистой дадал буюу GMP-ын шаардлагыг хангахгүй байна.  Долоохон үйлдвэр хангаж байгаа гээд бодохоор эмийн өнөөгийн  нөхцөл байдал ямар байгаа нь шууд харагдана. Зайлшгүй шаардлагатай 561 эм бүртгэлтэй байгаагаас 9.3 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг.

Бусад нь бүгд импортоор орж ирдэг.  Импортоор орж ирдэг эмийн найрлага орц харилцан адилгүй . Оросын эмийг уухаар  удаан эдгээд, Солонгосын эм уухаар түргэн эдгэж байна гэх зэргээр иргэд ярьдаг. Долоо хоногт эмчлэгдэх өвчин  чанаргүй эм тарианы улмаас 14 хоногийн эмчилгээ хийгдэж байгааг эмч нар ч ярьж байна. Бүхэлд нь харахад манай  эмийн үйлдвэрлэл  сүлжээний бизнес болсон.  Аалзны тор шиг  байна гэхэд хэтрүүлсэн болохгүй.

-Уучлаарай. Та өвдөөд бас удаан хугацаагаар эмчлүүлсэн. Магадгүй энэ тогтоолын төслийг өргөн барихад нөлөөлсөн үү?

-Нөгөө талаас нь харахад тийм гэж шулуухан хэлнэ.  Өвчин зовлон  хэлж ирдэггүй, хийсч ирдэг.  Ийм л юм надад тохиолдсон. Чадвартай эмч, эмнэлгийн ажилтнууд, сайхан гэр бүл, хамт олон, монголчуудынхаа сэтгэлийн их дэмээр би өнөөдөр хөл дээрээ зогсоод, ажлаа хийгээд явж байна. Өвдөж зовсон үед энэ тогтолцоог хүн бүр илүүтэй мэдэрдэг. Энэ эм сайн муу, энэ тариа сайн гээд надад ч тохиолдсон л явдал.

Үүнээс гадна импортын эмийн 6.1 хувь,  дотоодод үйлдвэрлэсэн эмийн 18.6 хувь нь стандарт чанарын шаардлага хангахгүй  байгааг мэргэжлийн байгууллага тогтоосон. Эмийн чанарыг шалгах лабораторийн шинжилгээний үзүүлэлтийг тодорхойлох  сорилын арга, аргачлалыг хэрэгжүүлье гэхээр 148 багаж, тоног төхөөрөмж ашиглах ёстойгоос 34 нь ажиллахгүй, 16 нь цаашид бүр ашиглах боломжгүй гэж байна. Өөрөөр хэлбэл, эмийн чанарыг шалгах лаборатори нь ч хангалттай ажиллахгүй хэмжээнд хүрсэн.

Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг гаргуунд нь орхиж болохгүй биз дээ. Энэ бүхнийг сайжруулж хянаад, болохгүйг нь засаад, хуулиа хэрэгжүүлэх  үүргээ биелүүлэх ёстой гэж бодож байна. Монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гээд Үндсэн хуулинд ч заасан байдаг. Иргэн бүрийн энэ эрхийг нь бүрэн дүүрэн эдлүүлэхэд шаардлагатай зохицуулалтыг хууль тогтоох түвшинд хэрэгжүүлэх үүрэг УИХ-ын гишүүдэд ногддог.

-Эмийн хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг баталснаар ямар үр дүн гарах вэ?

-Их том хүлээлт байгаа. УИХ-аас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг шинээр батлагдсан УИХ-ын хяналт, шалгалтын хуулиар хэрэгжүүлж байна. Баталсан хуулийн хэрэгжилтийг хангах үүргээ л бид биелүүлье гэж  тогтоолын төсөл өргөн барьсан. Ний нуугүй хэлэхэд бид 30 жил эмийн зохисгүй хэрэглээтэй явж ирлээ.

Эмийн үйлдвэрлэл гэхэд туршлагатай боловсон хүчнээр хангагдсан байдал нь 67 хувь л байна.  Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм үйлдвэрлэдэг, эмийн түүхий эдээ бүртгүүлдэггүй,  итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулдаггүй. Долоон үйлдвэрээс 33 түүвэр шинжилгээ авахад таван нэрийн эм чанарын шаардлага хангаагүй.

Ингээд үзэхээр бид эм биш хор  хэрэглээд байна. Өвдсөн зовсон хүн хор өгөхөөр бүр л дордох нь ойлгомжтой биз дээ. Бид бүхэлд нь эм, эм үйлдвэрлэл, ханган  нийлүүлэх салбарыг муухай харагдуулах гээгүй. Гэхдээ өнөөгийн  нөхцөл байдал яг л ийм байгаа юм. Төр иргэдээ хамгаалах үүрэгтэй. Яахав,  хянан шалгах түр хороо гэхээр сүртэй сонсогдож байгаа байх. Зөвлөн туслаад, хянаад  буруу байвал зөв голдиролд нь оруулъя л гэж сууна.

-Тогтоолын төсөл хэзээ батлагдах вэ?

-Хууль тогтоомжийг хэлэлцэх дэгийн дагуу л явах байх. Бид  яаралтай хэлэлцээсэй гэж хүсэж байна. Эм бол өвчнийг эдгээж, анагаах бэлдмэл. Харин  хор болохгүй. Иргэд эм худалдан авахын тулд халаасаа хоосолж, идэх талх, махаа хүртэл танаж, эрүүл байхад чармайж байхад өндөр өртөгтэй чанаргүй эм худалдаалж болохгүй. Эмнэлгүүдэд ч чанаргүй эм, тариа шахсанаар эмчилгээний хугацаа удааширч, өвчтөний эдгэрэлт сунжирч байна гэж  ярьж байна. Монголын эмч нар чадвар муу, мэдлэг тааруудаа  биш эм, тарианд асуудал байгаа. Эмнэлгүүдэд хямд үнэтэй эм тендерээр нийлүүлсэнээр өвчтөн эдгэхгүй байгаа нь нууц биш. Энэ бүхнээс салах цаг болсон. Өнгөрсөн 30 жилд  бугширсан сүлжээ, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн тухай хөндсөн хэрэг.  Их хурал онцгой анхаарна гэдэгт итгэлтэй байна.

М.ЗУЛ

ШИНЭ МЭДЭЭ