МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Иргэд болон гишүүдийн санал, шүүмжтэй халз тулсан төсвийн тодотгол хэмнэлт авчрах уу
2022.05.10
Эдийн засаг, Худалдаа

Иргэд болон гишүүдийн санал, шүүмжтэй халз тулсан төсвийн тодотгол хэмнэлт авчрах уу

Монгол Улсын Засгийн газраас өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын төсвийн тодотголыг дагалдах хуулиудын хамт Улсын Их Хуралд 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн  барьж, 29-ны өдөр баталсан юм. 

Энэ удаагийн төсвийн тодотгол дараахь дөрвөн онцлогтой байлаа.

Нэг. Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг УИХ-д өргөн барьсан. Тус хуулиар

Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,

Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,

 Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох зэрэг хэд хэдэн зохицуулалтыг тусгаж өгсөн. 

Эдгээр арга хэмжээний үр дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар хэмнэгдэж, 1500 гаруй орон тоо хасагдана гэж үзсэн юм. Энэ тал дээр гишүүдийн хувьд өөр өөр байр суурьтай байлаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа үед хүний ажил, орлогыг хаах нь өрөөсгөл юм аа. Үүний оронд төрийн өмчит компаниудын эд хөрөнгө, илүү зардлыг хассан нь үр дүнтэй.


УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Төрийг хамгийн гол сулруулж байгаа асуудал бол “данхар” байгаа байдал юм. Төрийн байгууллага, агентлагуудыг хооронд нь нэгтгэх ёстой.

Хоёр. Үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн амьжиргааг дэмжих тухай

Төрийн хэмнэлтийн бодлогын үр дүнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих  хэд хэдэн арга хэмжээнд 2022 он дуустал зарцуулахаар тусгасан. Тухайлбал 

Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,

Хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох зэрэг хэд хэдэн арга хэмжээ туссан. 

УИХ-ын гишүүн С.ЧинзоригНийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг зөв гэж харахгүй байна. Хэрвээ үүнийг буцаан олгох бол ажилтанд нь биш ажил олгогчийг нь дэмжих нь чухал. Урт хугацаанд ажлын байраа хадгалах нь чухал.

Гурав. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах тухай

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн шууд хяналтад оруулах, нээлттэй, ил тод засаглалыг бүрдүүлэхийн тулд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, "Мэдээлэл, технологийн үндэсний парк", “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нэг иргэн, хуулийн этгээдэд ногдох оролцоог таван хувиас хэтрүүлэхгүй байхаар хувьчлах асуудал орж ирсэн.

Зарим гишүүдийн хувьд үнэ тогтворжуулах, үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Төсвийн тодотгол хийж буй энэ үед Эрчим хүчний компаниудыг хувьчилж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Эрчим хүчний компанийг ашигтай болгох амархан дуртай үнээ нэмнэ. Өнөөдрийн Төсвийн тодотгол хямралын эсрэг, үнэ барих зорилготой. Гэтэл Эрчим хүчийг хувьчлахаар үнэ өснө.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Энэ төсвийн тодотголыг дагаад Эрчим хүчний компаниудыг хувьчлах асуудал орж ирж байгааг дэмжихгүй. Тэр дунд ДЦС, дамжуулахыг хувьчлахаар орж ирлээ, ингэж болохгүй. Улс орнуудын Үндэсний аюулгүй байдлын номер нэг асуудал бол эрчим хүчний асуудал мөн.

Энэ удаа эрчим хүчний компаниудыг хувьчлах асуудлыг хойшлуулсан юм.

Дөрөв. Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах тухай

Энэ удаагийн төсвийн тодотгол бол “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогын эхлэл гэдгийг Монгол Улсын Еөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байсан.

Энэ удаагийн төсвийн тодотголоор эхний ээлжинд хэд хэдэн арга хэмжээг авахаар танилцуулсан.

Үүнд: Нийслэл Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг явдлыг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулах, Хоёр настай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдээ гэртээ асрахад нь дэмжлэг болгож хувьсах зардлыг олгох, Улсын болон хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж олгох зэрэг асуудал тусгагдсанаас гадна Засгийн газрын төвлөрлийг сааруулах бодлогыг дэмжиж, орон нутагт ажлын байр нэмэгдүүлж буй хувийн хэвшлийг дэмжих зорилгоор  татварын багц бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасан.

Түүнчлэн дээрх арга хэмжээний үр дүнд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага мөн 245.3 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх батлагдсан түвшинд байхаар тусгаж байсан юм.

Энэ удаагийн төсвийн тодотголголтой холбогдуулан гишүүдийн хувьд орон нутгийн бүтээн байгуулалтад төсөвлөгдсөн төсөв танагдаж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа.

УИХ-ын гишүүн Батлут: Орон нутгуудад 2022 оны төсөв харилцан адилгүй тусгагдсан. Гэтэл энэ төсвийн тодотгол дээр бас тэгш бус хуваарилалт орж ирлээ. Хийх гэж төлөвлөсөн ажил хасагдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Бид төсвөө хэмнэх нь зөв. Гэхдээ хөгжлийг дэмжих ажил явахгүй юм байна. Жишээ нь Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтад 4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн гэтэл одоо 500 сая хүрэхгүй төсөв болжээ. Хөгжлөө яаж дэмжих вэ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Энэ төсвийн тодотгол дээр хэмнэлт яригдаж байгаа. Энэ нь зөв гэхдээ 2024 онд бүтээн байгуулалт хийгдэхгүй юм байна. Нэг талдаа хэмнэлт хийж байгаа нь зөв, гэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий газар орлого нэмэгдүүлэх тал дээр яаж ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Төсвийн танаас, тодотголд соёл, боловсролын чиглэлд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд их өртлөө. Орон нутагт барьж байгуулах сургууль цэцэрлэг, соёлын төвийн төсөв царцаж байгаад харамсаж байна.

Иргэд болон гишүүдийн санал, шүүмжтэй багагүй халз тулсан МУ-ын 2022 оны төсвийн тодотгол болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиуд энэ сарын 29-ны өдөр батлагдлаа.  Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг 425.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Гадаадын зээл, тусламжийн ашиглалтын зардлыг 16,400.2 сая төгрөгөөр бууруулах, улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад холбогдох өөрчлөлтийг хийснээр хөрөнгийн зардал 15,974.6 сая төгрөгөөр нэмэгдэхээр болж батлагдсан юм. 

ШИНЭ МЭДЭЭ