Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
2022.05.10
Хууль, эрх зүй

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2022.05.10) хуралдаан 12 цаг 13 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Батжаргал танилцуулав.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13 тоот тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ажлын хэсэг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцан тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежмент, төлөвлөлт, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний өргөтгөл, хилийн заагийн асуудал, газар ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ түүний хэрэгжилт, тусгай хамгаалалттай газар нутаг дахь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зэрэг бүхий л мэдээллүүдийг холбогдох байгууллагуудаас авч найман удаа хуралдаж, Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Баян-Өлгий, Говь-сүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн тусгай хамгаалалттай зарим газар нутгийн танилцуулга, мэдээллийг сонсож, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа тодотгов.

Ажлын хэсэг дээрх газруудад ажиллахдаа холбогдох төрийн захиргааны төв болон ажил хариуцсан байгууллага, орон нутгийн байгууллага, иргэдэд тусгай хамгаалалттай газар нутаг, түүний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч санал, хүсэлтийг нь сонссон гэлээ.

Мөн тэрбээр танилцуулгадаа, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаад, хуульд тусгагдсан орон нутгийн эрх хэмжээг тодорхой болгох, тусгай хамгаалалттай газар нутагт үүссэн суурьшлын бүсийн асуудлыг цэгцлэх, төрийн бус байгууллагын тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар, мэргэжлийн байгууллагуудын үүрэг, оролцоог тодорхой болгох, малчдын өвөлжөө, хаваржааны газрын ашиглалт, уламжлалт мал аж ахуйг хэрхэн зүй зохистой эрхлэх талаар, мөн тусгай хамгаалалттай газар нутагт суурьшлын бүс нэмж үүсгэхгүй байх, дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цэгцлэх буюу цуцлах асуудлын талаар, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, нөхөн сэргээлт хийх талаар, ард иргэдийн оролцоонд тулгуурласан хамгаалалтыг хэрхэн зохион байгуулах талаар харилцан ярилцаж, тодорхой мэдээлэл солилцон ажилласан гэж байлаа.

Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21,0 хувь буюу 32,8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад, 15,0 орчим хувь буюу 24,3 сая га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулсан байна. Улсын тусгай хамгаалалттай нутгийг хуулиар тогтоосон 4 ангиллаар авч үзвэл:

Дархан цаазат ангилалд 22 газар 13,8 сая га талбай, 8.8 хувь,

Байгалийн цогцолборт ангилалд 37 газар 13,5 сая га талбай, 8.6 хувь,

Байгалийн нөөц ангилалд 47 газар 5,3 сая га талбай, 3.4 хувь,

Дурсгалт ангилалд 14 газар 106,557 га талбайн 0,07 хувийг тус тус эзэлж байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрдэх эхийн 7.2 сая га талбай буюу 50 хувь нь ойн сангийн 40 хувь нь хамрагдаж хамгаалагдсан хэмээн Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдсан.

Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг улсын төсвөөс санхүүжиж буй 30, төр, хувийн хэвшлийн хүрээнд 4, нийт 34 хамгаалалтын захиргаад байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд Тусгай хамгаалалттай газар, нутаг бүр хамгаалалтын менежментийн төлөвлөгөөтэйгээр үйл ажиллагаа явуулж, эдгээр захиргаадад нийт 827 хүн ажиллаж байгааг Ж.Батжаргал гишүүн танилцуулгадаа тодотгоод Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан нийт 15 байгалийн нөөц болон дурсгалт газрууд хилийн заагийг тогтоохоор Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Барилга, хот байгуулалтын яамнаас санал авахад газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй 390 нэгж талбартай давхцалтай гэсэн үндэслэлээр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санал авахад Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайтай давхцалтай байна гэсэн үндэслэлээр, мөн 2020 оны 46 дугаар тогтоолоор батлагдсан 4 газар нутгийн хилийн заагийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас санал авахад ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцалтай гэсэн үндэслэлээр, нийт 19 тусгай хамгаалалттай газрын хилийн заагийг одоо болтол баталгаажуулаагүй байгааг онцолсон.

Улсын тусгай хамгаалалттай 10 газарт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 25 хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл байна. Тухайлбал, Тосон хулстай, Их газрын чулуу, Зэд-Хантай- Бүтээлийн нуруу, Тэнгис-Шишгэд, Мөнххайрхан уул-Үенчийн хавцал, Чигэртэйн голын ай сав, Алтан хөхий уул, Хурх хүйтэний хөндий, Хөх нуур бумбат, Ноён уул зэрэг тус газар хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байна. Мөн тусгай хамгаалалттай 16 газарт газар ашиглалтын 5.9 мянган га газрыг хамарсан 3069 гэрчилгээ гарсан байна. Үүний 98.3 хувь нь Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолборт газарт байгаа бөгөөд суурьшлын бүс хэт хавтгайрч байгалийн доройтлыг ихээхэн хэмжээгээр үүсгэж байна гэж Ажлын хэсэг үзсэнийг Ж.Батжаргал гишүүн танилцуулгадаа онцлоод газар ашиглагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй зориулалтын бусаар ашиглах, газрын төлбөрөө бүрэн гүйцэт төлөөгүй зэрэг асуудлууд бодит байдал дээр түгээмэл байна. Энэ бүхнээс харахад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 1994 онд батлагдаж, өнөөдрийг хүртэл 14 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд цаг үедээ тааруулан хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бий болсон байна гэж дүгнэж байна гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, Г.Мөнхцэцэг, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэсэн заалтыг өнөөдрийг хүртэл гуйвуулан ашиглаж байгаа тул хуулийн төслийг шинэчлэн боловсруулахдаа энэ асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай гэхийн зэрэгцээ тусгай хамгаалалттай газар нутгийн газрын төлбөр бусад улс орнуудад ямар байдаг талаар тодорхой судалгаа хийж, Байнгын хороонд танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнынханд чиглэл болгов.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд тогтоолын төсөлд тусгасан заалтуудыг цөөлж, холбогдох хуулийн төслийг боловсруулан яаралтай оруулж ирэх, тусгай хамгаалалттай газар нутагт байгаа ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх гэсэн хоёр заалтыг л тогтоолд тусгах саналтай байсан бол Улсын Их Хурлын Ж.Батжаргал тогтоолын төсөлд туссан олон заалтууд нь одоо гараад байгаа асуудлыг яаралтай засаж залруулахад чиглэсэн төдийгүй холбогдох хуулиудын үндсэн үзэл санаанд тусгах ёстой заалтууд тул хасах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр, төслийн нэгдүгээр заалтад “урт” гэсний дараа “дунд” гэж, гуравдугаар заалтын “газрын нэгдмэл” гэсний өмнө “тусгай хамгаалалттай газруудын хилийн цэсүүдийг” гэж нэмэх, 10 дугаар заалтын “мөрдүүлэх” гэсний дараа 11 дүгээр заалтын “газар ашиглалтын харилцаа үүсээгүй газруудыг хамгаалалтын бүсэд оруулж, хамгаалалтыг сайжруулах” гэснийг оруулж өөрчлөн найруулах саналтай байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн тогтоолын төслийн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэх нэгдүгээр заалтад "2022 оны намрын чуулганаас өмнө” гэж тодорхой цаг хугацаатай үүрэг, даалгавар өгөх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.

Ингээд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.

Байнгын хорооноос Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож буй уг тогтоолын төсөлд, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтын хүрээнд байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль, түүх соёлын үнэт өв болон ховордсон амьтан, ургамлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах, дасан зохицох шаардлагыг харгалзан тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллын асуудлыг дахин нягтлах, шинээр улсын тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, 2020 оны 46 дугаар тогтоолоор байгалийн нөөц газар, дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг тогтоох, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулж бүртгэх ажлын зохион байгуулахаар тусгасан байв.

Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн төлөв байдал, нөөц даацын судалгаа хийх, газар зохион байгуулалтын төлөвлөлт, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг шинэчилж, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, бүхэлд нь буюу хэсэгчлэн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад тодорхой нөхцөл болзолтойгоор хариуцуулан хамгаалалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлж, улсын төсвийн ачааллыг бууруулах боломж, нөхцөлийг судалж холбогдох арга хэмжээг авах, тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийн хилийн заагийг тодорхой болгох, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэх, улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг жил бүр бодитой дүгнэж, зориулалтын бусаар ашиглах тохиолдолд газар ашиглах гэрээг цуцлан, эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу дуусгавар болгохыг чиглэл болгохоор тусгажээ.

Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг шуурхай шийдвэрлэх, хамгаалалтыг сайжруулах, сүлжээг өргөтгөхтэй холбогдуулан тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааг чиг үүргээ хэрэгжүүлэх, хяналт тавих, зардал хөрөнгийг үр ашигтай зарцуулах үүднээс зөв байршуулах, байгаль хамгаалагчийн орон тоо, хүний нөөцийн хангалт, ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх, нэг байгаль хамгаалагчийн хариуцан хамгаалах талбайн хэмжээг тусгай хамгаалалттай газар нутгийн онцлогтой уялдуулан шинэчлэн тогтоох, Улсын Их Хурлын 1996 оны 26 дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын тодруулж зурагласан “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн заагийг хянан баталгаажуулж, мөрдүүлэх, тусгай хамгаалалттай газар нутагт хууль зөрчин газар эзэмшүүлэх, өмчлүүлэхээр олгосон газрын асуудлыг судалж, шийдвэрлэх, газар ашиглалтын харилцаа үүсээгүй газруудыг хамгаалалтын бүсэд оруулж, хамгаалалтыг сайжруулах, тусгай хамгаалалттай газар нутагт уламжлалт мал аж ахуйн эрхэлж буй нутгийн иргэдийн эрхийг хангаж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өвөлжөө, хаваржааг нь гэрчилгээжүүлэх, аж ахуйгаа эрхлэх нөхцөл боломжийг нь хангах, тусгай хамгаалалттай газар нутагт тавигдах нийтлэг шаардлага, стандартуудыг шинэчлэх, мөрдүүлэхийг чиглэл болгохоор төсөлд тусгасан байлаа.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 05 дугаар сард Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Тогтоолын төсөлд Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүсэн хуулийн төслүүд, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ

ШИНЭ МЭДЭЭ