МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв
2022.05.11
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Тайланг Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Энхболд танилцуулав. Танилцуулгадаа, тайлант онд 3.251,4 мянган даатгуулагч эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, хамралтын түвшин 96.8 хувьтай бөгөөд даатгалд хамрагдсан хүний тоо өмнөх оноос 251,7 мянган даатгуулагчаар нэмэгдлээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиар Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх нийт орлогын хэмжээ 951.2 тэрбум төгрөг баталснаас 1,002.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 105 хувьтай биелсэн нь өмнөх оны орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 11 хувиар өссөн. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулиар зарлагын хэмжээг 1,210.2 тэрбум төгрөгөөр баталсан ба төсвийн гүйцэтгэл 1,208.1 тэрбум төгрөг байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,159.2 тэрбум төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг гүйцэтгэлээр тооцон бүрэн олгож, эрүүл мэндийн даатгалын байгууллагын үйл ажиллагааны зардалд 7.5 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгох зардалд 1.1 тэрбум төгрөг, бусад зардалд 40.2 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтыг үндэслэн илүү төлсөн шимтгэлээ буцаан авах хүсэлт гаргасан даатгуулагчдад эрүүл мэндийн даатгалын сангаас 79.9 сая төгрөгийг буцаан олгоход тус тус зарцуулсан. Эрүүл мэндийн даатгалын сан 2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн санд хадгаламж хэлбэрээр 100.0 тэрбум төгрөг, харилцах дансанд 162.1 тэрбум төгрөг, арилжааны долоон банкны харилцах дансанд 156.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна.

“Капитал” банкнаас авах өрийг барагдуулахтай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны Өр төлбөр барагдуулах тухай 06 дугаар тогтоолоор өр төлбөрт тооцон авах боломжтой 61.7 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 74 үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг баталж, биелэлтийг хангуулж байна. Энэ бүхний үр дүнд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “Капитал банк” ХХК-иас авах өр төлбөрөөс 8.1 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр, 06 дугаар тогтоолын дагуу 36.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 39 обьект, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран 10 обьектийг шилжүүлэн авав. Авлагын үлдэгдэл 91.6 тэрбум төгрөгийг барагдуулах ажлыг 2022 онд үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллана гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, С.Чинзориг, Д.Сарангэрэл, П.Анужин, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан, С.Ганбаатар, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Д.Батлут, М.Оюунчимэг, С.Одонтуяа нар асуулт асууж, хариулт авав. Гишүүд эмнэлгүүд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой асуудал, мөн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөр, эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, стратегийн худалдан авалт, даатгалын шимтгэл төлөгчдийн гомдлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар тодрууллаа. Мөн “Капитал” банкны өрөнд авсан орон сууцыг Эрүүл мэндийн даатгалын байгууллагын ажилтнуудад өгсөн гэх асуудлыг тодруулж хариулт авав. Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Энхболд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд хариулт өгсөн. Асуулт асууж, хариулт авч дууссанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, П.Анужин, С.Одонтуяа, М.Оюунчимэг нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ