МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов
2022.05.11
Улстөр

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов

Байнгын хорооны 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын биелэлтийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Тэрбээр 05 дугаар тогтоолд заасан 17 чиглэлийн үүрэг, даалгавар тус бүрээр хийсэн ажлаа танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ц.Туваан, Ц.Сандаг-Очир, Ё.Баатарбилэг, Д.Батлут нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хоёр дахин нэмэгдүүлэх, хуулийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн засаглалыг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх, төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах ажлыг 2021 оны 12 дугаар сард багтаан дуусгах зэрэг ажлууд удаашралтай байгаад шүүмжлэлтэй хандаж, шуурхай хийх талаар санал хэлэв.

Гишүүдийн асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хариулт өглөө. Хариултдаа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийг 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон нөхөж олгоно, мөн 4 дүгээр сарын 01-ээс хэвийн олгогдож буй гэдгийг онцоллоо.

Тайлан сонссонтой холбогдуулж Байнгын хорооны дарга М.Оюунчимэг Байнгын хорооны тогтоолоор өгсөн үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэх тал дээр удаан байгааг анхааруулж, нэгэнт эрх зүйн орчныг бүрдүүлсэн учир эрүүл мэндийн салбарын өөрчлөлт, шинэчлэлтийг шуурхай хийх чиглэлийг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ