2022.05.13
Эдийн засаг, Худалдаа
Б.Баярсайхан: Хүнээ хөгжүүлэхгүйгээр эдийн засгийн хөгжлийг ярих боломжгүй
УИХ-ын чуулганы /2022,05,13/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
Өнгөрсөн 30 жилийн хөгжлийн алдаа бол хүний хөгжлөө орхигдуулсан. Салбар бүрт ёс зүй алдагдсан, зан чанарын төлөвшил байхгүй учраас авлига болон ёс суртахуунгүй асуудал дэлгэрсэн. Манай улс хүнээ хөгжүүлэхгүйгээр эдийн засаг яриад явахгүй, энэ нийгмийг хүн л авч явна. Шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яамыг Эдийн засгийн болон хүний хөгжлийн яам гэсэн нэртэй байхаар санал оруулсан ч дэмжигдээгүй. Энэ ЭЗХЯ-нд хүний хөгжлийг нэгдсэн бодлогоор хангана гэсэн чиг үүрэг тусгагдсан. ЭЗХЯ үүн дээр юу хийх вэ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүний хөгжлийн бодлогыг боловсруулна гэсэн зорилт дэвшүүлсэн, 2 жил ажил хэрэг болсонгүй, энэ тал дээр ХНХЯ юу хийж байна.
Тосонцэнгэл, Улиастай чиглэлийн 67 км зам тавигдсан, нутгийн ард түмэн их талархаж байгаа. Засгийн газарт талархаж байна. Ковидын өмнө 6 тэрбум шийдэж өгч ажил хэрэг боллоо. Гэхдээ Л.Халтар сайдаа зам тавьж байгаа Хятад компанийнхны хэлж буйгаар одоо дахиад нэг хучилт явж байж энэ зам 50 жилийн насжилттай болох юм байна. Иймд 2023 онд энэ замыг урт настай болгохын тулд дахин хучилт хийх шаардлагатай . Хөдөө аж ахуйн салбарыг дэмжихийн тулд Хоршоодыг дэмжих ёстой, энэ тал дээр ямар ажил хийх вэ. Гэтэл хоршоодуудад тулгарч байгаа асуудал бол 3 жилийн тайлантай байх, мөн зээл авахад барьцаа хөрөнгийн асуудал яригдаж байна. Мөн фермийн газрын асуудал тодорхойгүй байна. Манай улс залуу малын махыг экспортлоход ямар бодлого барьж байна вэ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.