2022.05.18
Эрүүл мэнд
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг гүйцээн боловсруулав
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцлээ.
Уг тогтоолын төслийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын даргаас Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан Хянан шалгах түр хороо байгуулах үндэслэл, хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг тодорхой тусгаж гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас тогтоолын төслийн үндэслэл, сэдэв, хүрээ хязгаарыг хуульд нийцүүлэн тогтоосныг Байнгын хороонд ирүүлсэн байна. Ингээд төсөл санаачлагчдаас гаргасан саналаар санал хураалт явуулав.
Төслийн 1 дэх хэсгийг 2014-2018 оны хооронд хэрэгжүүлсэн Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангийн дүнг үндэслэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг хүний эмийн чанарын асуудлаар байхаар тогтоосугай гэснээр санал хураалт явуулахад гишүүдийн 88.3 хувийн саналаар дэмжлээ. Мөн төслийн 2 дахь хэсгийг Хянан шалгах түр хорооны тусгай шалгалт нь 2019 оноос 2022 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааг хамрах бөгөөд хүрээ хязгаарыг хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлт гэснээр санал хураалт явуулахад гишүүдийн 77.8 хувийн саналаар дэмжлээ.