2022.05.26
Эдийн засаг, Худалдаа
Х.Болорчулуун: Гадаад өрийн 60 орчим хувийг Оюутолгойн өр эзэлж байна
УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Монгол улсын өр 33 миллиард доллар хүрлээ. Түүний 10 миллиард доллар нь Засгийн газрын өр. Бусад нь хувийн хэвшлийнх гэж байгаа боловч үндсэндээ нэг. Өдөрт дунджаар 10 тэрбум төгрөгийг зээлийн хүүнд төлж байна. Аймшигтай тоо. Яагаад өнөөдөр ийм байдалд хүрсэн юм бэ. Эцсийн дүнд энд сууж байгаа улстөрч, олон жил энэ улс төрд байсан хүмүүс, парламентийн гишүүд буруутай.
Монгол улсын хувийн хэвшлийн өрөөс Оюутолгойн өр хамгийн их буюу 60 гаруй хувийг эзэлж байна. Бид ийм өрийг үүсгэхгүй байх боломж байсан. 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар Монгол улсыг хохироож Дубайн гэрээг байгуулахдаа өрөнд орох санхүүжилтийн механизм, гэрээг шинэчилсэн. Тэрийг батлахгүй, дэмжихгүй гээд бараагүй. Энэ жилийг хүртэл өр, зээлээр санхүүждэг байсан.
Харин Оюутолгойн түр хороо Улсын их хурал дээр байгуулагдаж Монгол улсыг өрөнд хийх явдлыг зогсоосон. Үүнд түр хорооны гишүүдэд талархаж байна. Зээл авахгүйгээр үйл ажиллагаа явуулах болсныг та бүхэн мэдэж байгаа.
Өнөөдрийн энэ байдал үндэсний, дотоодын үйдвэрлэгчдээ дэмжихгүй, бэлэнчлэх сэтгэлгээнд орж юань, доллар, валют гадагшаа гаргаад худалдан авалт хийсэн үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон болсны гай. Цар тахал олон улсын нөхцөл байдал Тусгаар тогтносон улс орон гэдэг бол дотооддоо юм хийх ёстой, хийж чадаж байсан зүйлээ үргэлжлүүлэх ёстой гэдгийг бид бүхэнд ойлгуулж өгсөн.
Сангийн яамнаас 2023 онд дэлхийн банкны 530 тэрбумын буцалтгүй тусламж байгаа гэсэн. Энэ ямар зээл болох талаар тодруулъя. Мөн 2023 онд графикийн дагуу өрөө төлж чадах уу. Төлж чадахгүй бол яах вэ? Улсаараа дампуурал зарлах юм уу.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО
2024.04.26