“Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалжээ
2022.05.31
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны тавдугаар сарын 31-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Мах, махан бүтээгдэхүүний экспортын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Иргэдийн гомдлын дагуу энэ тавдугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, түүхий эд хүлээн авах, мах боловсруулах технологи ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалсан байна. Тус компанийн бүтээгдэхүүн зөвхөн экспортод гардаг юм байна.

Мөн хурлаар Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын өнөөгийн байдалд  хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, махны нийлүүлэлтийн сүлжээний хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн арга хэмжээний санал боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа.

Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг  болон экспортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, цаашлаад хүнсний ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад шат дараатай хяналт шалгалт хийж, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын улсын стандарт, норм дүрмийг сахиулж ажиллах, шалгалтын дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Мах, махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд адууны хөлдөөсөн мах болон дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махан бүтээгдэхүүн 106 мянган тонныг экспортолжээ.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Хүний эрүүл мэнд, амь нас, байгаль орчинд шууд хор хөнөөл учруулахуйц эрсдэлтэй салбарууд болох хүнс, эрүүл мэнд, барилга, зам дэд бүтцийн хяналтыг ямар ч тохиолдолд сулруулж болохгүй. Монгол Улсын экспортын мах, махан бүтээгдэхүүн ийм түвшинд байгаа нь нэг талаас монголчууд бидний нэр хүнд, нөгөө талаас хүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалтай шууд холбоотой, ноцтой асуудал гэдгийг онцгой анхаарч ажиллах ёстой” гэж мэдээлэл хийхдээ хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ