МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол Улсын хөлөг онгоцны баг, ахмадад тавих шаардлагыг олон улсын конвенцид нийцүүлнэ
2022.06.02
Зам, Тээвэр

Монгол Улсын хөлөг онгоцны баг, ахмадад тавих шаардлагыг олон улсын конвенцид нийцүүлнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.02\ нэгдсэн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. 

Далай ашиглах тухай хуулийг 1999 онд баталж, 2007 онд нэг удаа өөрчлөлт оруулжээ. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Далай ашиглах тухай хууль нь 5 бүлэг, 22 зүйлтэй заалттай бөгөөд хөлөг онгоцны бүртгэл, далай ашиглах үйл ажиллагаа, хөлөг онгоц болон түүний багийн гишүүдэд тавих шаардлага, техникийн үзлэг шалгалт зэргийг ерөнхийлөн тусгасан, далай дахь аюулгүй байдлыг хангах талаар зохицуулалт оруулаагүй, олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтгүй гэж үзжээ. 

Хуулийн төсөлд нэн тэргүүнд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцүүлсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналтыг шинээр тусгажээ. Түүнчлэн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотой зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэсэн болон бүртгэх хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлэн үндэсний хууль тогтоомжид тусгах нь зүйтэй хэмээн үзэж, төсөл холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог тусгаж, хуулийг практикт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлжээ.

Хуулийг баталснаар далай ашиглах үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхой болж, нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлснээр Монгол Улс олон улсын далайн байгууллагын гишүүн орны үүргээ биелүүлж, олон улсын гэрээ конвенц хэрэгжих боломж бүрдэх ач холбогдолтой аж. Мөн хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогч талууд болох хөлөг онгоц эзэмшигч, хөлөг онгоц түрээслэгч, Далайн захиргаа, далбааны эзэн улсын хянан шалгагч, хүлээн зөвшөөрсөн байгууллагын хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайжирснаар хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржиж, далбааны эзэн улсын хяналт сайжирна хэмээн үзсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ